Я.Содбаатар: Итгэлцлийг сэргээхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хатуухан шүүмжлэл өрнөлөө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн байгууллагынхаа статусыг буулгаж, яамнаас агентлагийн түвшинд аваачиж байгаа нь шинэ Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад хандах хандлагын өөрчлөлт үү. Сүүлийн жилүүдэд монголчууд бид нар тэр тусмаа улстөрчид бидний буруугаас үүдэн манай улс руу урсаж байсан гадаадын хөрөнгө оруулалт алга болж байна.
Энэ оны эхний улирлын дүнгээр гадаадын хөрөнгө оруулалт хасах дүнтэй гарлаа. Энэ бол гадаадынхан төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид хүртэл төр засагт, улсынхаа эдийн засагт итгэхгүй, хөрөнгөө гадагшлуулж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж сэргээх вэ.
Энэ чиглэлээр юу хийж байна вэ. Гадаад, дотоодын бизнес эрхлэгчид биднээс эрхзүйн болон бодлогын тогтвортой байдал л хүсч байна. Гэтэл бид өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчлөөд, өнөөдөр байгуулсан байгууллагаа маргааш нь татан буулгаад байх юм.
Тэгэхээр бидэнд яаж итгэх юм бэ. Итгэлцлийг сэргээхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү” гэж хөрөнгө оруулалт татраад байгаагийн учир шалтгааны талаар саналаа хэллээ.