С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хуульд дутагдал бий
УИХ-ын намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хуулийг баталсантай холбогдуулан гарах үр дүн, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг баталснаар ямар үр дүн гарах вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох, мөн түүнийг тойрсон тодорхой бус асуудлыг нэг тийш нь болгосон чухал хууль баталлаа гэж ойлгож байна.
Энэ хуулийн гол агуулга бол урд өмнө нь зөвхөн гадны хөрөнгө оруулагчдад илүү давуу байсныг тэнцвэржүүлж, гадаад, дотоод гэлтгүй Монгол Улсад хөрөнгө оруулж, нэмүү өртөг, ажлын байр бий болгож байгаа л бол ижил нөхцөл олгодог байхаар хуулинд тусгаж өгсөн байгаа.
Мөн бүс нутгийн, салбарын ялгавартай бодлогыг явуулахаар энэ хуульд суулгаж өгч чадсан. Өөрөөр хэлбэл, салбарын гэдэг нь уул уурхай, дэд бүтцээс бусад салбарт илүү хөрөнгө оруулалтын давуу тал, хөнгөлөлттэй нөхцөлийг бий болгоё.
Харин бүс нутгийн гэж хэлж байгаа нь Улаанбаатар хотоос алслагдмал дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжил сул бүс нутагт хөрөнгө оруулалт хийх тусам илүү хөнгөлөлттэй нөхцөлийг олгодог байя гэж шийдвэрлэсэн. Түүнээс гадна Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар огт ажиллаагүй.
Тэгвэл энэ хуулинд суулгаж өгсөн гол санаа нь уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарын 33 хувиас дээш хувьд нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахаар болвол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл ав гэсэн заалтыг хэвээр үлдээсэн байгаа. Ингээд дүгнэхэд энэхүү хууль харьцангуй уян хатан, томоохон тулгарч буй асуудлыг шийдсэн, сайн хууль болсон гэж харж байна.
-Тэгвэл УИХ-аар баталсан энэ хуульд сул тал байхгүй хэрэг үү?
-Нэг сул тал байна. Юу гэхээр энэ хуулийг баталснаар томоохон гадна, дотны хөрөнгө оруулагчдад илүү боломж олгосон. Гэтэл нөгөө талдаа жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдээ дэмжих бодлогыг суулгаж өгч чадсангүй.
XXVII их хурал МАН-ын шинэчлэл, цаашдын зорилго, улс орны хөгжлийн хэтийн бодлогод нөлөөлөх чухал шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай хурал.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар миний бие бусад гишүүдийн хамт өргөн барьсан хуулиар НӨАТ-ын 10 сая төгрөгийн босгыг 200 сая болгон нэмэгдүүлэх зүйтэй.
Энэ хэмжээгээр жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлж, хөгжих боломжийг бүрдүүлж өгье гэсэн хуулийн төслийг санаачилсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг сая баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтатган шийдэж чадсангүй.
-Тэгвэл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх тухай хуулийн төслийг дахин тусад нь хэлэлцэх юм болов уу?
-Миний бие санаачлан УИХ-д энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүнд Хувь хүний орлогын албан татварын хуулинд Улаанбаатар хотоос бусад бүс нутагт үйл ажиллагаа явуулж, ажиллаж, амьдарч байгаа иргэдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй.
Мөн Улаанбаатар хотоос бусад бүс нутагт дэд бүтцийн салбар, архи, тамхины бизнесийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орлогын албан татварыг хөнгөлөх асуудлыг ярилцъя гэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл татварын таатай орчноор бизнес эрхлэгчдээ дэмжих бодлоготой юм. Гэх мэтчилэн хуулиудыг өргөн бариад байгаа ч харамсалтай нь УИХ-д хэлэлцэхгүй байгаад байна.
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр болсон хуулиудаас ямар хуулийн төслийг та онцолж байгаа вэ?
Газрын тухай хуулиар монгол хүнд газар хэрхэн олгох, ашиглах, бэлчээрийн асуудлыг хэрхэх зэрэг асуудлыг энэ хуулиар тодорхой болгоно.
-УИХ-ын намрын чуулганаар маш чухал хуулиудаа хэлэлцдэг. Үүнээс дурдвал 2014 онд баримтлах Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай гэх мэтчилэн хуулиуд байна.
Мөн валютын ханш хүнд байгаа энэ үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичгүүдийг батлах зэрэг чухал асуудлууд их байна. Түүнчлэн Газрын тухай хууль анхаарал их татаж байгаа.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулиар монгол хүнд газар хэрхэн олгох, ашиглах, бэлчээрийн асуудлыг хэрхэх зэрэг асуудлыг энэ хуулиар тодорхой болгох юм.
-Уржигдархан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Тодорхой шийдэлд хүрсэн асуудал бий юу?
-МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын товыг хэлэлцсэн. Түүнчлэн намын их хурлаар хэлэлцэх «Монгол улсын хөгжлийн бодлого» баримт бичгийг нягтлан ярилцаж, намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан, шатны байгууллагуудаас мэдээлэл сонссон.
Намын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлууд уржигдраар тасалбар болон өндөрлөсөн. Ер нь энэ удаагийн XXVII их хурал нь МАН-ын шинэчлэл, цаашдын зорилго, улс орны хөгжлийн хэтийн бодлогод дорвитой нөлөөлөх олон чухал шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай хурал гэж ойлгож болно.