Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан.
2013.10.03

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав.

Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёололтой холбогдуулан гишүүн Ц.Баярсайхан төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь хуулийн төслийн 1.1 дэх заалттай адил утгатай байгаа тул 3 дугаар зүйлийг заавал хоёр хэсэг болгож салгах шаардлага байгаа эсэхийг хэллээ.

Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэж оруулсны зэрэгцээ төслийн зарим заалтыг тохирох хэсэгт нь оруулж, нэр томъёоны хувьд жигдэлсэн тухайгаа танилцуулав.

Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёололтой холбогдуулан гишүүн Ц.Баярсайхан төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь хуулийн төслийн 1.1 дэх заалттай адил утгатай байгаа тул 3 дугаар зүйлийг заавал хоёр хэсэг болгож салгах шаардлага байгаа эсэхийг хэллээ. Харин гишүүн Ц.Нямдорж энэ нь техникийн чанартай зүйл юм, төслийн 1 дүгээр зүйлээс гол санааг нь авч 3.1 дэх хэсэгт оруулбал бичилтийн хувьд зөв болох юм байна гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед нээлттэй үлдээсэн төслийн 3 дугаар зүйлийг 3.1, 3.2 гэсэн хоёр хэсэгт салгаж өөрчлөн найруулсан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан нь дэмжигдлээ.

Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан төслийн 3.4 дэх заалтын талаар гишүүн Ц.Нямдорж одоохондоо манай улсад хувийн тэтгэврийн сан гэсэн бие даасан сангийн тогтолцоо байхгүй, тиймээс энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Харин гишүүн Л.Энх-Амгалан хувийн компаниудад тэтгэврийн ийм сан бий, энэ бол хэрэгтэй заалт, цаашдаа энэ тогтолцоо уруу орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин гишүүн Ц.Баярсайхан хувийн тэтгэврийн сантай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд байгаа байх, гэхдээ энэ асуудлыг хуулийн төсөлд урьдчилан тусгаад хэрэггүй учраас төслийн энэ заалтыг хасъя гэсэн горимын санал гаргалаа. Ингээд Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул төслийн 3.4 дэх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар энэ хэсгийг төслөөс хасахаар болсноор хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин гишүүн Л.Энх-Амгалан хувийн компаниудад тэтгэврийн ийм сан бий, энэ бол хэрэгтэй заалт, цаашдаа энэ тогтолцоо уруу орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.

Ажлын хэсгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18, дагалдах хуулийн төслүүдийн талаар 8, найруулгын чанартай 8 санал гаргажээ. Мөн байнгын хорооны зарим гишүүн бичгээр саналаа ирүүлсэн байна. Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгох, газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх гэх зэргээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг ажлын хэсэг гаргасан нь дэмжигдлээ.

Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тусгасны зэрэгцээ орон нутагт хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс гэсэн бүсүүдэд хуваан оруулсан хөрөнгийн хэмжээтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийж дуусгах болон тогтворжуулах хугацааг уян тогтоож, энэ үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тогтворжуулах гэрчилгээ олгохоор төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжив.

Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн санал авалгүй унасан зарим заалтыг ажлын хэсэг төсөлд дахин тусгуулахаар оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалгаж шийдвэрлэснээр Хөрөнгө оруулалтын тухай, уг хуулийг дагалдан өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Харин байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нам, эвслийн бүлгүүд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасны дагуу уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр боллоо.