Д Зоригт: Хөрөнгө оруулалтын тухай хууль Оюу толгойд үйлчлэхгүй
УИХ-ын гишүүн Д.Зоригт
2013.10.08

Д Зоригт: Хөрөнгө оруулалтын тухай хууль Оюу толгойд үйлчлэхгүй

Монголын нийгэмд хүлээлт үүсгээд байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар удаан хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшилд дорвитой үүрэг гүйцэтгэх хууль эрх зүйн орчныг баталгаажууллаа.

Уг хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилцсанаа хүргэж байна.

-УИХ-ын намрын чуулган Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хамгийн эхэнд баталлаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн хувьд баталгаатай орчинд хөрөнгөө оруулах боломжтой боллоо гэсэн үг. Монгол Улсыг сонирхох тэдний сонирхол эргээд сэргэхэд аль хэр хугацаа шаардагдах бол?

-Монгол Улсад өнөөдөр хөрөнгө оруулалтын цоо шинэ эрх зүйн орчин бүрдлээ. Намрын чуулганы эхэнд одоогоос 20 жилийн өмнө баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгож, өнөөдрийн амьдралд нийцсэн цоо шинэ хууль батлан гаргалаа.

Өмнө нь бид зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан хөнгөлөлт үзүүлдэг, дэмждэг, татварын орчноо тогтворжуулдаг байлаа. Тиймээс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмждэг, татварын тодорхой орчныг нь тогтворжуулдаг болгох зорилт тавьж, ийм бодлогоор анх энэ төслийг санаачилсан.

Хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт маргаашаас эхлээд Монгол руу урсаад байна гэсэн үг биш. Энэ бол урт хугацаанд үйлчлэх хууль болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татахын тулд зөвхөн энэ биш, өөр олон хууль, бичиг баримтад өөрчлөлт оруулах ёстой.

Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох эрдэс баялгийн салбарын бодлогоо тодорхой болгох ёстой. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх ёстой. Янзлах зүйл их бий.

Татварын багц хуулиа ч шинэчлэх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой байх орчин бүрдүүлэх хэрэгтэй юм. Их одон юмнаас бид эхний томыг нь л хийлээ. Цаана нь хийх дөрөв, таван том ажил бий. Тэгж байж хөрөнгө оруулалтын орчин иж бүрнээрээ сайжрах учиртай юм.

-Удаан хэлэлцэж олон талаас нь нягталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс, хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг нь чухам юу юм бэ дээ?

-Гол хөшүүрэг нь гэвэл бид гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад Монголын төр эрх зүйн, хуулийн баталгаа өгч байгаа юм. Оруулсан хөрөнгө чинь төрийн хамгаалалтад байна, булааж авахгүй, та олсон ашгаа чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй шүү гэж батлан хэлж байгаа юм.

Таны оюуны өмч хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтыг бид хамгаална. Ноу хау, патентыг чинь хамгаална гэсэн баталгаа өгч байгаа. Энэ бол эхний том ач холбогдол. Хоёрт, хөрөнгө оруулагч болгон ашгийн төлөө л явдаг. Тэд тооцоо, судалгаа хийдэг. ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө гээд хийдэг шүү дээ.

Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлгүйгээр эрх ашгийг нь хамгаалдаг тийм байгууллага бий болгоно.

Гэтэл яг тэр дагуу хөрөнгөө оруулаад явж байтал гэнэт л татварын орчин огцом өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө нь өөрчлөгдөөд явчихдаг. Одоо энэ хуулиар гол дөрвөн татварыг тогтворжуулснаар бизнес төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй, тогтвортой байх баталгааг гаргаж өгч байна.

Ийм баталгаа өгснөөр хөрөнгө оруулах гэж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдэнд зээл өгөх гэж байгаа банк, санхүүгийн байгууллагад итгэл үнэмшил бий болно. Энэ бол нэг зорилго. Гуравт, Монголын төр хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ зарлалаа. Татварын болон татварын бус орчноор дэмжинэ гэдгээ зарлаж байгаа нь том ач холбогдолтой.

Дээр нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг, урин залдаг, Монгол руу хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ бүтэц гаргаж ирлээ. Дэлхийн 236 оронд ийм бүтэц байдаг юм байна. Манайд л байхгүй байсан.

Тиймээс Хөрөнгө оруулалтын газар гэсэн агентлаг байгууллаа. Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц бүрэлдэхүүнд байгаа орон тоонд тулгуурлаж, төсөв зардал нэмэхгүйгээр байгуулах юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлгүйгээр эрх ашгийг нь хамгаалдаг тийм байгууллага бий болгоно.

-Хуулийн хэлэлцүүлгийн үед яригдаж байсан Улаанбаатарт болон орон нутагт татварын хөнгөлөлт ялгаатай байна гэсэн санал тусгагдсан уу?

-Татварын хөнгөлөлт бус тогтворжуулалт гэдгийг тодотгох ёстой. Мөн энэ тогтворжуулалтаа ялгаатай тогтоож байгаа. Улаанбаатараас алслагдах тусмаа тогтворжуулах гэрчилгээ авах хөрөнгө оруулалтын босго буурч, хугацаа уртсах юм.

Таван бүс нутагт хуваагаад ялгавартай босго, шаардлагууд гаргаж өгсөн. Үүний ач холбогдол нь зах зээлээ дагаад хөрөнгө оруулагчид Улаанбаатар руу шавдаг. Үүнийг өөрчлөх юм. Алслагдсан буюу хөдөө орон нутагт, ялангуяа баруун, зүүн хязгаар руу хөрөнгө оруулагчдыг татах зорилго тавьсан.

Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татварын тогтворжуулалтад хамаарах болчихож байгаа юм. Улаанбаатарт бол энэ босго 10 тэрбумаас дээш байна. Товчхондоо орон нутаг руу хөрөнгө оруулалтыг татах хөшүүргийг хуульд оруулж өглөө.

-Ерөнхийдөө тогтворжуулалтад хамрах босго нь 2-10 тэрбум төгрөгийн хооронд байна гэж ойлгож болох уу?

-Улаанбаатарт 10 тэрбумаас эхэлнэ. Орон нутагт бүсээсээ хамаараад ялгавартай. Хамгийн бага босго бол баруун таван аймагт хоёр тэрбум төгрөг юм. Эхний тогтворжуулах хугацаа таван жил байх бөгөөд түүнээс дээшилнэ. Компаниудад тогтворжуулалтын гэрчилгээ олгох юм.

-Алслагдсан бүс нутгаас гадна хөрөнгө оруулалтыг салбараар нь ялгаж татварын тогтворжуулалтад хамруулж байгаа гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Дэд бүтэц, экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэл, төмөр зам, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын үйлдвэрлэлийг дэмжих шаардлага бий. Бид сая дурдсан салбаруудад хөрөнгө оруулж байгаа бол татвар тогтворжуулах хугацааг илүү урт болгох, бүр хуульд заасан хугацаагаа 1.5 дахин өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн.

Хоёрт, энэ чиглэлийн үйлдвэр, дэд бүтцийг байгуулах барилга угсралтын ажлын явцад нь гадаадаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг тэг хүртэл хувь болгон бууруулж болно гэж хуульд оруулсан.

Энэ бол хуулиар эцэслэн зохицуулагдаж байгаа харилцаа биш л дээ. Ийм дэмжлэг байж болно гээд ерөнхийд нь тусгачихсан. Татварын хуулиар зохицуулна гээд заасан юм. Татварын багц хуулийн шинэчлэлийн тухайд намрын чуулганы явцад Засгийн газраас төслөө өргөн мэдүүлнэ. Тэр үед нь тодорхой зохицуулалт хийгээд явна.

-Хэлэлцүүлгийн явцад гишүүд дөрвөн тогтворжуулсан татвараас гадна гэнэт шинэ татвар ороод ирвэл яах вэ гэж багагүй маргалдсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар шиг зүйл гараад ирвэл тогтворжуулалтын гэрчилгээ авсан компаниуд яах вэ?     

-Энэ асуудлаар хуулийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд ярилцсан. Олонх юу гэж үзсэн гэхээр шийдэх ёстой гэдэг дээр л санал нэгдлээ. Гэхдээ энэ хуулиар шийдэх нь буруу гэж үзсэн. Татварын харилцааны зохицуулалт учраас Татварын ерөнхий хуульдаа зохицуулалт оруулъя.

Жишээ нь, цоо шинэ татвар гаргахдаа УИХ-ын ердийн санал хураалтаар бус тодорхой хэмжээний босготой байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, батлах босго нь өндөр байх, эсвэл хууль санаачлагч заавал Засгийн газраас дэмжсэн санал авах ч гэдэг юм уу босго нөхцөл оруулах нь зүйтэй гэж ярилцсан.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад тооцоо судалгаа, үндэслэл муутай татварын хууль санаачлагдаж, тэр нь богино хугацаанд УИХ-аар батлагдсан тохиолдол хэд хэд бий. Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад сөрөг үр дагавар авчирсан байдаг шүү дээ. Бид ийм алдаагаа давтахгүйг хичээнэ.

-Хөрөнгө оруулагчдад ямар ч эрсдэл учрахгүй гэж ойлгож болох УУ?

-Энэ хуулиар бүрэн хийж чадаагүй нэг зүйл нь энэ гэж ойлгох хэрэгтэй. Тогтворжуулж байгаа дөрвөн татвар бол аль ч улсад аж ахуйн нэгжид ачаалал болдог гол татварууд. Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид бол рояалти маш их нөлөөтэй.

Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмждэг, татварын тодорхой орчныг нь тогтворжуулдаг болгох зорилгоор анх энэ төслийг санаачилсан.

Шууд л борлуулалтаас нь хувь хэмжээгээр авдаг татвар шүү дээ. Нөгөө гурав нь буюу гааль, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч хамгийн гол татварууд. Дэлхий даяар ч тийм, манайд ч ялгаагүй.

Өөрөөр хэлбэл, үндсэн татваруудыг бид тогтворжуулчихлаа. Энэ дөрвөн татвар бол Монгол Улсын төсвийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр ямар чухал нь ойлгомжтой биз дээ. Тийм учраас бид тогтворжуулалтыг дундын хувилбараар авсан.

-Бүх төрлийн татвараа тогтворжуулах боломжгүй юу?

-Манайд 20 гаруй татвар бий. Татвар, хураамж, төлбөр нэртэй ч бүгд л татвар. Энэ бүгдийг тогтворжуулах боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл, энэ хуулиар олгож байгаа тогтворжуулах хугацаа нь харьцангуй урт болчихсон. 15 жил, зарим салбарт дээд тал нь 22 жилээр тогтворжиж байгаа байхгүй юу.

Ийм урт хугацаанд Монголын бүх татварыг тогтворжуулах нь эргээд төдийлөн сайн биш. Олон нийтийн эрх ашгийн үүднээс зарим төрлийн татварыг нэмэх, өөрчлөх шаардлага гарч л таарна. Бид 10, 20 жилийн өмнөхийг урьдчилан харж чадахгүй шүү дээ. Тийм учраас гар хөлөө боож баглах нь зохистой биш гэж гишүүдийн олонх үзсэн.

-Энэ хууль гарахаас өмнө хөрөнгө оруулалтаа хийчихсэн аж ахуйн нэгжүүдэд хууль буцаж үйлчлэх үү?

-Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад энэ хууль батлагдахаас таван жилийн өмнөх хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад энэ хуулийн шаардлагыг хангаж байвал үйлчилнэ гэсэн заалт оруулсан. Дөрөвхөн хоногийн өмнө батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хууль арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Тэгэхээр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш хийсэн, энэ хуулийн шаардлага хангаж байгаа хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын газарт хандаад тогтворжуулах гэрчилгээгээ авна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг гаргахдаа ялгаварлаж болохгүй гэж гаргасан. Өмнө нь хөрөнгө оруулчихаад байгаа, тэр нь үргэлжлээд явж байгаа хөрөнгө оруулагчдаа ялгаж хаяж болохгүй.

-2008 оноос хойш гэхээр Оюутолгойд үйлчлэх үү?

-Энэ хууль Оюутолгой зэрэг урд нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан долоон компанид үйлчлэхгүй.