Д.Зоригт: Манай улсад хийж бүтээх зүйл их байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийг баталлаа
УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг чамбайруулах ажлын хэсгийг та ахалсан. Олны дунд хүлээлт үүсгээд байсан энэ хууль батлагдлаа. Хэр хууль болов оо?
-Монгол Улсад дунд, урт хугацаанд асар их хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага байгаа. Хөрөнгө оруулалтын тухай өмнөх хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулж, дэмжсэн эрх зүйн орчинтой байсан. Харин одоо дотоодынхоо хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч гэсэн хамгаалсан, тогтвортой орчин бий болгосон шинэ хууль батлагдлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдаа бид ялгаварлахгүйгээр, адилхан ханддаг болж байна.
Ойрын жилүүдэд манай улсад хийж бүтээх зүйл их байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бусад улстай өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай. Тиймээс энэ хууль батлагдсан. УИХ-д Засгийн газраас өргөн барьсан төслийг нэлээд өөрчилсөн. Гол нь аль болох Монголд бүтээн байгуулалт хийж байгаа, хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилгыг нэн тэргүүнд тавьсан.
Өнөөдөр Монголд 400 орчим томоохон компани бий. Эдгээр компаниуд Монгол Улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Хууль үйлчилснээр энэ тоо тодорхой хэмжээнд нэмэгдэх байх. Энэ л бидний өмнөө тавиад байгаа зорилтуудын нэг. Түүнчлэн манай улсын эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, ялангуяа экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг энэ хуулиараа дэмжиж өгөх бодлогыг нэн тэргүүнд тавьсан.
-Хөрөнгө оруулагчид татварын орчин тогтвортой байхыг чухалчилдаг. Энэ тухай хуульд юу гэж тусав?
-Дөрвөн төрлийн татварыг 5-15 жилээр тогтворжуулъя, мөн энэ хуулиар татварын болон татварын бусад дэмжлэгүүд байж болно гэж заасан. Мэдээж 15 тэрбум төгрөг жижиг хөрөнгө оруулагчдад хэт өндөр тусна гэж УИХ-ын гишүүд үзсэн. Энэ дагуу хөрөнгө оруулалтыг бүсүүдэд хуваасан байгаа.
Баруун бүсэд хоёр тэрбум төгрөгөөс дээш, зүүн бүсэд гурван тэрбум төгрөгөөс дээш, Хангайн бүсэд дөрөв тэрбумаас, Төвийн бүсэд таван тэрбумаас, Улаанбаатар хотод арван тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл энэ хууль үйлчилж, татварын тогтвортой орчин үйлчилнэ.
-Засгийн газраас бүх салбарт зөвшөөрөл олгохоор заасныг өөрчилж, гурван салбарыг тодорхойлж босго тавьсан гээд байгаа нь ямар учиртай вэ?
Нэг ёсондоо хөрөнгө оруулагч бүр 100 мянган ам.доллар төлнө гэсэн үг.
-Хуучин хуулиар гадаадын хөрөнгө оруулагч 25 мянган ам.доллараар гадаадын хөрөнгө оруулагч гэсэн үнэмлэх, Монголд байнга оршин суух олон удаагийн виз авдаг байсан. Үүнийг 100 мянган ам.доллар болгож өөрчилсөн. Нэг ёсондоо хөрөнгө оруулагч бүр 100 мянган ам.доллар төлнө гэсэн үг. Уг зохицуулалтаар нийтийн хоол, үсчин, гоо сайхан гээд олон жижиг салбарын зах зээлийг хамгаалж байгаа.
Тэгээд ч Монголын бизнесийн салбарт гадаадын Засгийн газрын дэмжлэгтэй төрийн өмчит том компани ороод ирэх магадлалтай. Ингэснээр тэнцвэргүй бизнесийн өрсөлдөөн бий болно гэж үзээд уул уурхай, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт зөвшөөрлийн тогтолцоог олгох заалтыг хэвээр үлдээсэн л дээ. Уг нь Засгийн газраас бүх салбарт зөвшөөрөл олгохоор заасан байсныг бид гурван салбарыг тодорхойлж босго тавьсан.
Дээр дурдсан гурван салбарт гадаадын Засгийн газрын дэмжлэгтэй төрийн өмчит компани 33 хувиас дээш хөрөнгө оруулах тохиолдолд Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайдаас зөвшөөрөл авна. Бид үүнийг зах зээлээ хамгаалсан бодлого гэж үзэж байгаа.
-Хөрөнгө оруулалтын хууль батлагдах нь батлагдлаа. Харин одоо хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Д.Ганхуяг сайдын хэлдгээр хөрөнгө оруулагчдыг Монголд ирүүлэхийн тулд ганц энэ хууль хангалтгүй. Энэ хууль зөвхөн эхний том алхам юм. Хоёр дахь том алхам нь, манай хөрөнгө оруулалтыг голлон татаж буй уул уурхайн салбарынхаа эрх зүйн орчинг илүү ойлгомжтой, бизнес хийх зарчимд нийцүүлэх шаардлага байгаа. лага байгаа.
Энэ талаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, ажлаа эхлүүлсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг дээр ч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ бодлогоо баталчихвал Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил эхэлнэ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах хоёр дахь том алхам. Монгол Улсын олон улсын жишигт нийцсэн бизнес хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой ашигт малтмалын, уул уурхайн хууль эрх зүйн орчинтой болно гэж бид найдаж байгаа.
Гурав дахь нь бизнес хөрөнгө оруулагчдад засаг захиргаа, хүнд суртал хамгийн том саад бэрхшээл болдог. Засгийн газраас гаргасан судалгаагаар аливаа бизнес явуулахын тулд Монголд бүх шатанд олгодог 800 зөвшөөрөл байдаг юм билээ. Эдгээр зөвшөөрлийг цэгцлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ялихгүй юманд баахан зөвшөөрөл гарын үсэг шаардаж, бизнесийн үйл ажиллагаанд нь саад хор учруулдаг. Үүнийг арилгах чиглэлээр томоохон ажлууд хийгдэнэ.
Энэ бол нэлээд цаг хугацаа авсан, шинэчлэлийн шинж чанартай ажил байгаа юм. Эдгээр нь хөрөнгө оруулалтын бизнес орчинг нээлттэй болгож, сайжруулахад нэлээд таатай зүйл болох байх.
-Бүтээн байгуулалтын ажлын явцад гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр болсон гэсэн байх аа?
-Тийм ээ. Экспортын, дэд бүтцийн төслүүдэд зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгохоор хуульд оруулсан. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлын явцад гадаадаас оруулж ирж байгаа үндсэн тоног төхөөрөмжийг гаалийн болон бусад татвараас чөлөөлж болно гэж хуульд тусгасан байгаа.
Энэ хуулийг дагаж намрын чуулганаар Татварын багц хуульд шинэчлэлт, өөрчлөлт оруулах байх. Энэ мэт дэмжлэгүүдийг татварын хууль суулгаж өгөхөөр төлөвлөсөн.