Д.Зоригт: Шалгуур хангасан компаниудад Хөрөнгө оруулалтын хууль буцаж үйлчилнэ
Монгол улсын их хурлын гишүүн Д.Зоригт
2013.10.05

Д.Зоригт: Шалгуур хангасан компаниудад Хөрөнгө оруулалтын хууль буцаж үйлчилнэ

Намрын чуулганы эхний хуулийг УИХ өчигдөр баталлаа. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт-той ярилцав. Тэрээр хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан юм.

-Хөрөнгө оруулалтын ту­хай хуулийг УИХ баталлаа. Одоо хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Эндээс ярилц­лагаа эхэлье.

-Одоогоос 20 жилийн өмнө ба­талсан Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухай хуулийг хүчингүй болголоо. Монгол Улсад өнөөдөр хөрөнгө оруу­лал­тын цоо шинэ эрх зүйн орчин бүрд­лээ. Өмнө нь бид зөвхөн гадаа­дын хөрөнгө оруулагчдад зо­риу­лан хөнгөлөлт үзүүлдэг, дэмж­дэг, татварын орчноо тогт­воржуулдаг байлаа.

Тиймээс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмждэг, татварын тодорхой орчныг нь тогтворжуулдаг бол­гох зорилт тавьж, ийм бодлогоор анх энэ төслийг санаачилсан. Хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт маргаашаас эхлээд Монгол руу урсаад байна гэсэн үг биш шүү дээ. Энэ бол урт хугацаанд үйлчлэх хууль болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татахын тулд зөвхөн энэ биш, өөр олон хууль, бичиг баримтад өөрчлөлт оруулах ёстой. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох эрдэс баялгийн салбарын бодлогоо тодорхой болгох ёстой.

Энэ хүрээндээ Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх ёстой. Янзлах зүйл их бий дээ. Тат­варын багц хуулиа ч шинэчлэх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой байх орчин бүрдүүлэх хэрэгтэй юм. Их олон юмнаас бид эхний томыг нь л хийлээ гэж хэлье. Цаана нь хийх дөрөв, таван том ажил бий. Тэгж байж хөрөнгө оруулалтын орчин иж бүрнээрээ сайжирсан гэж үзнэ.

-Сая баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс нь, хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг нь юу вэ?

-Гол хөшүүрэг нь гэвэл бид гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад Монголын төр эрх зүйн, хуулийн баталгаа өгч байгаа юм. Оруулсан хөрөнгө чинь төрийн хамгаалалтад бай­на, булааж авахгүй, та олсон аш­гаа чөлөөтэй захиран зар­цуу­лах эрхтэй шүү гэж баталж хэлж байгаа юм.

Таны оюуны өмч хэлбэрээр оруулсан хө­рөн­гө оруулалтыг бид хамгаална. Ноу хау, патентыг чинь хам­гаална гэсэн баталгаа өгч бай­гаа. Энэ бол эхний том ач холбогдол. Хоёрт, хөрөнгө оруулагч болгон ашгийн төлөө л явдаг. Тэд тооцоо, судалгаа хийдэг. ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө гээд хийдэг шүү дээ. Гэтэл яг тэр дагуу хөрөнгөө оруулаад явж байтал гэнэт л татварын орчин огцом өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө нь өөрчлөг­дөөд явчихдаг.

Одоо энэ хуу­лиар гол дөрвөн татварыг тогтворжуулснаар бизнес төлөв­лө­гөө нь өөрчлөгдөхгүй, тогтвор­той байх баталгааг гаргаж өгч байна. Ийм баталгаа өгснөөр хөрөнгө оруулах гэж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдэнд зээл өгөх гэж байгаа банк, санхүүгийн байгууллагад итгэл үнэмшил бий болно. Энэ бол нэг зорилго. Гуравт, Монголын төр хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ зарлалаа. Татварын болон татварын бус орчноор дэмжинэ гэдгээ зарлаж байгаа нь том ач холбогдолтой.

Дээр нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хам­гаалдаг, урин залдаг, Монгол руу хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ бүтэц гар­гаж ирлээ. Дэлхийн 236 оронд ийм бүтэц байдаг юм байна. Манайд л байхгүй байсан. Тиймээс Хөрөнгө оруулалтын газар гэсэн агентлаг байгууллаа. Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц бүрэлдэхүүнд байгаа орон тоонд тулгуурлаж, төсөв зардал нэмэхгүйгээр байгуулах юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруу­лагчдыг гадаад, дотоод гэлгүй­гээр эрх ашгийг нь хамгаалдаг тийм байгууллага бий болгоно.

-Татварын хөнгөлөлт ямар зарчмаар явах болов. Улаанбаатарт болон орон нутагт ялгаатай байна гэсэн хэлэлцүүлгийн явцад гарч байсан санал хуульд ямар байдлаар тусгалаа олсон бэ?

Татварын хөнгөлөлт бус тогтворжуулалт гэдгийг тодот­гох ёстой.

-Татварын хөнгөлөлт бус тогтворжуулалт гэдгийг тодот­гох ёстой. Мөн энэ тогтворжуулалтаа ялгаатай тогтоож байгаа. Улаанбаатараас алслагдах тусмаа тогтворжуулах гэрчил­гээ авах хөрөнгө оруулалтын босго буурч, хугацаа уртсах юм. Таван бүс нутагт хуваагаад ялгавартай босго, шаардлагууд гаргаж өгсөн.

Үүний ач холбог­дол нь зах зээлээ дагаад хө­рөнгө оруулагчид Улаанбаатар руу шавдаг. Үүнийг өөрчлөх юм. Алслагдсан буюу хөдөө орон нутагт, ялангуяа баруун, зүүн хязгаар руу хөрөнгө оруулагчдыг татах зорилго тавьсан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр тэрбум төгрөгөөс дээш хө­рөнгө оруулалт хийвэл татва­рын тогтворжуулалтад хамаа­рах болчихож байгаа юм. Улаан­баатарт бол энэ босго 10 тэрбумаас дээш байна. Товч­хондоо орон нутаг руу хөрөнгө оруулалтыг татах хөшүүргийг хуульд оруулж өглөө.

-Тогтворжуулалтад хам­рах босго 2-10 тэрбум төг­рөгийн хооронд байна гээд ойлгож болох уу?

-Улаанбаатарт 10 тэрбу­маас эхэлнэ. Орон нутагт бүсээ­сээ хамаараад ялгавартай. Хамгийн бага босго бол баруун таван аймагт хоёр тэрбум төгрөг юм. Эхний тогтворжуулах хуга­цаа таван жил байх бөгөөд түү­нээс дээшилнэ. Компаниудад тогтворжуулалтын гэрчилгээ олгох юм.

-Алслагдсан бүс нутгаас гадна хөрөнгө оруулалтыг салбараар нь ялгаж татва­рын тогтворжуулалтад хам­руулж байгаа гэсэн. Үүнийг тодруулахгүй юү?

-Дэд бүтэц, экспортын чиг­лэлийн боловсруулах үйлдвэр­лэл, төмөр зам, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, өн­дөр технологи, инновацын үйлд­вэрлэлийг дэмжих шаардлага бий. Бид сая дурдсан салба­руудад хөрөнгө оруулж байгаа бол татвар тогтворжуулах хуга­цааг илүү урт болгох, бүр хуульд заасан хугацаагаа 1.5 да­хин өсгөх боломжийг бүр­дүүлж өгсөн.

Хоёрт, энэ чиглэ­лийн үйлдвэр, дэд бүтцийг бай­гуулах барилга угсралтын аж­лын явцад нь гадаадаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг тэг хүртэл хувь бол­гон бууруулж болно гэж хуульд оруулсан. Энэ бол хуулиар эцэслэн зохицуулагдаж байгаа харилцаа биш л дээ.

Ийм дэмж­лэг байж болно гээд ерөнхийд нь тусгачихсан. Татварын хуу­лиар зохицуулна гээд заасан юм. Татварын багц хуулийн шинэчлэлийн тухайд намрын чуулганы явцад Засгийн газ­раас төслөө өргөн мэдүүлнэ. Тэр үед нь тодорхой зохицуу­лалт хийгээд явна.

-Хэлэлцүүлгийн явцад гишүүдийг хоёр талцуулаад байсан зүйл нь дөрвөн тогт­воржуулсан татвараас гадна гэнэт шинэ татвар ороод ир­вэл яах вэ гэсэн асуудал бай­сан. Гэнэтийн ашгийн 68 ху­вийн татвар шиг зүйл УИХ ба­талчихвал тогтвор­жуулал­тын гэрчилгээ авсан компа­ниудад үйлчлэх үү?
Батлах босго нь өндөр байх, эсвэл хууль санаачлагч заавал Засгийн газраас дэмж­сэн санал авах ч гэдэг юм уу босго нөхцөл оруулах нь зүйтэй.

-Энэ асуудлаар хуулийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд ярилцсан. Олонх юу гэж үзсэн гэхээр шийдэх ёстой гэдэг дээр л санал нэгдлээ. Гэхдээ энэ хуу­лиар шийдэх нь буруу гэж үзсэн. Татварын харилцааны зохицуулалт учраас Татварын ерөнхий хуульдаа зохицуулалт оруулъя. Жишээ нь, цоо шинэ татвар гаргахдаа УИХ-ын ер­дийн санал хураалтаар бус тодорхой хэмжээний босготой байх ёстой гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, батлах босго нь өндөр байх, эсвэл хууль санаачлагч заавал Засгийн газраас дэмж­сэн санал авах ч гэдэг юм уу босго нөхцөл оруулах нь зүйтэй гэж ярилцсан. Өмнөх жилүү­дийн туршлагаас харахад тоо­цоо судалгаа, үндэслэл муутай татварын хууль санаачлагдаж, тэр нь богино хугацаанд УИХ-аар батлагдсан тохиолдол хэд хэд бий. Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад сөрөг үр дагавар авчирсан байдаг шүү дээ. Бид ийм алдаагаа давтах­гүйг хичээнэ.

-Хөрөнгө оруулагчдад айх юм бас үлдсэн гэсэн үг үү?

-Энэ хуулиар хийж чадаагүй л нэг зүйл гэж ойлгох хэрэгтэй. Тогтворжуулж байгаа дөрвөн татвар бол аль ч улсад аж ахуйн нэгжид ачаалал болдог гол тат­варууд. Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид бол роялти маш их нөлөөтэй. Шууд л бор­луу­лалтаас нь хувь хэмжээгээр авдаг татвар шүү дээ.

Нөгөө гурав нь буюу гааль, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч хамгийн гол татварууд. Дэлхий даяар ч тийм, манайд ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, үнд­сэн татваруудыг бид тогтвор­жуул­чихлаа. Энэ дөрвөн татвар бол Монгол Улсын төсвийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр ямар чухал нь ойл­гомж­той биз дээ. Тийм учраас бид тогтворжуулалтыг дундын хувилбараар л авлаа.

-Зарим хүн бүх төрлийн татвараа тогтворжуулах бай­сан гэх юм. 

-Манайд 20 гаруй татвар бий. Татвар, хураамж, төлбөр нэртэй ч бүгд л татвар. Энэ бүгдийг тогтворжуулах боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл, энэ хуулиар олгож байгаа тогт­вор­жуулах хугацаа нь харьцан­гуй урт болчихсон. 15 жил, за­рим салбарт дээд тал нь 22 жи­лээр тогтворжиж байгаа байхгүй юу.

Ийм урт хугацаанд Монго­лын бүх татварыг тогтворжуу­лах нь эргээд төдийлөн сайн биш. Олон нийтийн эрх ашгийн үүднээс зарим төрлийн татва­рыг нэмэх, өөрчлөх шаардлага гарч л таарна. Бид 10, 20 жилийн өмнөхийг урьдчилан харж ча­дах­гүй шүү дээ. Тийм учраас гар хөлөө боож баглах нь зохис­той биш гэж гишүүдийн олонх үзсэн.

-Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр урамшуу­лалтай холбоотой бүлэг нэ­мэх санал гишүүдээс гарч байсан. Хуульд ямар байд­лаар зохицуулагдсан бэ?

-Засгийн газраас зөвхөн тогтворжуулах зарчим орж ирсэн бол хэлэлцүүлгийн яв­цад урамшуулах бодлого нэмж оруулсан. Энэ бол дэлхийн олон оронд, ялангуяа өндөр хөгжил­тэй “бар” гэгддэг улсуудад бай­даг. Хятадад ч бий. Тийм учраас хөрөнгө оруулагчдад татва­рынхаас гадна татварын бус дэмжлэг үзүүлэхээр болсон. Шинэ бүлэг, шинэ юм нэмсэн.

-Татварын бус дэмжлэг нь юу байх вэ. Гадаадынханд 100 жилээр газар эзэмшүү­лэх, гэр бүлээр нь орших суух зөвшөөрөл олгох зэрэг нь хэтэрхий найр тавьж байгаа хэлбэр биш үү?

Засгийн газрын хуралдааны үеэр Д.Зоригт

-Гаднынханд найр тавиад байгаа зүйл  биш ээ. Энэ бүгд бол хөрөнгө оруулагчдад то­хиолд­дог нийтлэг хүндрэл, бэрх­шээлтэй асуудал. Хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүү­лэхэд газрын асуудал байдаг. Гадаадаас ажиллах хүч оруу­лах, өндөр мэргэжилтэн авчрах гээд л. Өндөр технологи, инно­ва­цын салбарт бол бүр онцлог. Гэхдээ энэ бүхнийг манай хол­богдох хуулиар зохицуулсан байдаг юм.

Газрын тухай, Инно­вацын тухай, Ажиллах хүчин гадаадаас авах тухай хууль гээд л. Энэ бүх зохицуулж байгаа хуулийн заалтуудыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд давхар оруулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын суурь хуулиасаа бүх зүйлээ харах боломжийг хөрөнгө оруулагчдад хангаж өгч байгаа юм. Нарийвчилсан ха­рил­цааг нь тухай тухайн хуулиас нь харна биз. Ерөнхий зохицуулалтаа эндээс харж болох юм. Энэ бол Монголд байгаа, байсан, өмнө нь явж ирсэн дэмжлэгийг бусад хуу­лиасаа оруулсан л хэлбэр.

-Хөрөнгө оруулалтын ту­хай хууль үйлчилж эхэлс­нээр бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, тогтворжуулалт нь гадаад, дотоод гэж ялгал­гүй ижил үйлчилнэ биз дээ?

-Яг адилхан. Хуучин бол өөр байсан. Өнгөрсөн 20 жилд гадаадын долоон хөрөнгө оруу­лагчтай Монгол Улсын Засгийн газар тусгай гэрээ байгуулсан бай­даг. Хөрөнгө оруулалтын гэ­рээ, Тогтвортой байдлын гэрээ л дээ. Энэ гэрээнийхээ дагуу долоон аж ахуйн нэгжид олон төрлийн татвар тогтворжуулж, хөнгөлөлт чөлөөлөлт өгч, ши­нээр татвар гарвал тэдэнд үйлч­лэхгүй болгож дэмжиж ирсэн.

Долоохон  хөрөнгө оруулагчид шүү дээ. Тэгсэн хэрнээ дотоо­дын­хоо нэг ч хөрөнгө оруу­лаг­чид таатай орчин өгөөгүй. Энийг л халлаа. Хөрөнгө оруулж л бай­гаа бол дотоод, гадаад гэж ял­гах­гүй. Нөгөөтэйгүүр, Монголд өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд 17 хуулиар 240 гаруй хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлдэг юм байна. Сангийн яамны гаргасан судал­гаагаар ингэж гарсан. Ихэвчлэн олон хүн ажилладаг хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт энэ хөнгөлөлт очдог.

Жижиг үйлдвэрлэлийн салбарт маш олон хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Харин дунд, том хөрөнгө оруулагчдадаа чиглэсэн, тэдэнд зориулсан дэмжлэг, хөнгөлөлт гэж бараг байгаагүй. Тэгэхээр энэ хууль маань Монголын яг голлох хөрөнгө оруулагчдад анх удаа боломж гаргаж ирсэн нь онцлог. Мэдээж жижиг, дунд үйлдвэр­лэлийг дэмжих бодлого маань үргэлжилнэ. Дээр нь том хэм­жээний хөрөнгө оруулагчдадаа дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

-Энэ хууль гарахаас өмнө хөрөнгө оруулалтаа хий­чихсэн аж ахуйн нэгжүүдэд хууль буцаж үйлчлэх үү?

-Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад энэ хууль батлагдахаас таван жилийн өмнөх хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад энэ хуулийн шаардлагыг хан­гаж байвал үйлчилнэ гэсэн заалт оруулсан. Өнөөдөр /өчигдөр/ баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хууль арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Тэгэхээр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш хийсэн, энэ хуулийн шаардлага хангаж байгаа хө­рөн­гө оруулагчид Хөрөнгө оруу­лалтын газарт хандаад тогтвор­жуулах гэрчилгээгээ авна. Өө­рөөр хэлбэл, энэ хуулийг гаргах­даа ялгаварлаж болохгүй гэж гар­гасан. Өмнө нь хөрөнгө оруул­чихаад байгаа, тэр нь үр­гэлжлээд явж байгаа хөрөнгө оруу­лагчдаа ялгаж хаяж болохгүй.

-2008 оноос хойш гэхээр Оюутолгойд үйлчлэх үү?

-Энэ хууль Оюутолгой зэрэг урд нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан долоон ком­панид үйлчлэхгүй.

-Монголд ер нь хуульд заасан хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадвартай аж ахуйн нэгж хэд байгаа вэ?

-400 орчим компани энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадвартай гэсэн Сангийн яамны судалгаа бий. Бид энэ хууль батлагдсанаар 400 маань 600, 800, 1000 болоосой гэж хүсч байна.

Эцсийн эцэст Монголд ажлын байр аль болох олноор бий болгох, олон төр­лийн бүтээгдэхүүн экспортлох, импортыг хумих, төсвийн орло­гын бааз суурийг өргөтгөх зо­рил­гоор энэ хууль хийгдсэн.

Өнөөдөр Монголд том хөрөнгө оруулагч 10 байна гэхэд энэ хуулийн үйлчлэлээр магадгүй 5, 10 жилийн дараа 50 том тат­вар төлөгчтэй болж байж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Ийм логик дээр суурилж энэ хууль хийгдсэн. УИХ тэгж л баталсан.