2023.10.26

С.Одонтуяа: Шаардлагагүй баривчилгаа их байна

УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Гэхдээ бид нэг зүйл дээр нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Манай улс Олон улсын гэрээ, конвенцод нэгддэг. НҮБ-аас ялангуяа хүний эрхийн асуудал, зөрчил дээр манай улсад дүгнэлт хийдэг. НҮБ-ын дур зоргоор авирлах ажлын эсрэг байгууллагын шинжээчид ирээд шүүхийн шийдвэргүй баривчилгаа 98 хувьтай байна гэж ярьсан. Бид аргачлал нь өөр учраас тэнд буруу мэдээлэл гарчихлаа гэж ярихаа болимоор байна.

НҮБ-ын хэмждэг хэмжүүр Олон улсын байгууллагын хэмждэг хэмжүүрээр явах ёстой. Үүнд монголчлох гэдэг ойлголт байж болохгүй. Манай улсад их хэлмэгдэл гарсан үед монголчууд өөрсдөө зарим орны нөлөөгөөр өөрсдөө юм бодож олоод, хүний эрхээс гадуур онцгой комисс гэж байгуулаад баривчилсан хүнийхээ тал хувийг цаазалсан байдаг. Иймд олон улсын хэмжүүрээрээ ажиллаасай гэж сайдад анхааруулмаар байна. Миний хувьд НҮБ-ын асуудалтай холбоотой долоон удаа Засгийн газарт санал хүргүүлсэн. Энэ асуудал хуульд орж шийдэгдэж байгаа гэж сайд хэлсэн. Бид хойшлуулахгүй тохиолдол гэдэг дээр яагаад буруу хэрэглээд байна вэ гэхээр судалгааг харахад 2020 онд нийт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны эргээд 48,4 хувь нь шүүх, прокурор хүчингүй болгосон байна.

Миний хувьд үүнийг шаардлагагүй баривчилгаа байсан юм биш үү гэж үзэж байна. Иймд аль болох шүүхийн шийдвэр, прокурорын шийдвэртээ сайн хандвал цөөхөн монголчуудын маань хүний эрх зөрчигдөхгүй. Нэг зүйл дээр болгоомжилж байна. Өчигдөр Хүүхэд хамгааллын хууль дээр сонсгол болсон. Хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч дээр асуудал гараад яаралтай баравчилахгүй бол хүний амь нас хохирох вий гэдэг зүйл яригдсан. Энэ зүйл хэрхэн орсон бэ.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn