2021.10.14
Ц.Мөнхцэцэг: Ял завших боломжийг хааж байгаа учраас хуулийн төслийг дэмжиж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асуулаа.
Энэ хуулийн төслийг ял завших боломжийг хааж байгаа гэдэг утгаар нь дэмжиж байна. Ялангуяа авилга, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, ялын бодлогод эерэг нөлөө үзүүлээсэй гэж авилгатай тэмцэх бүлгийн гишүүний хувьд дэмжиж байгаа. Өндөр албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт тааруу байдаг. Авилгатай тэмцэх газрын 2019 оны тайлангаас харахад нийтдээ 513 авилгалын хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 53 хувьд нь хэрэг нээж шалгасан байдаг. Үүнээс 139 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээр 54 хувь нь шүүхээр шийдвэрлэгдэж бусад 46 хувь нь прокурорт буцаасан байдаг.
Энэ нь авилга албан тушаалын гэмт хэрэг дээр шүүхэд буцаах асуудал илүү жин дарж байгаа юм биш үү? Түгээмэл шүүмжлэл байдаг. Албан тушаалын гэмт хэргийг маш сүртэй зарлаж эхлээд явцдаа хэрэгсэхгүй болдог. Эсвэл олон жил шалгаад шийдэгддэггүй. Тийм учраас энэ хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд авилгалын гэмт хэрэг илрүүлэлтэд хэр нөлөөлөх вэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.