2017.05.18
О.Баасанхүү: Хуулиас давсан журам байх ёсгүй
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор “Төслийн 22,1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10 дахь хэсэг нэмэх: 10. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн санал байсан юм. Харин уг саналын талаар хэд хэдэн гишүүд үг хэлж, санал дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг саналын утга санаа нь ганцхан Улсын ерөнхий прокурор журам батлах эрхтэй болчихоод байгааг шүүмжилсэн юм.
Тэрээр "Хуулиас давсан журам байх ёсгүй. Хэрэв журмаар зохицуулж болохоор бол хууль батлах шаардлагагүй. Энэ заалтыг унагаахаар журам батлах хүнгүй болно. Харин дэмжихээр ганцхан Ерөнхий прокурор л журам батлах болчих гээд байна. Иймээс Журам батлах журам гаргах шинэ зохицуулалт оруулах эсвэл энэ саналыг унагаагаад шинэ хууль гаргах санал гаргах хэрэгтэй" гэсэн юм.
Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад уг санал 71,7 хувиар дэмжигдсэн юм.