Б.Алтантуяа:

Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах алба байх ёстой


7 минут уншина
Б.Алтантуяа: Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах алба байх ёстой
Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа

2017 оны 5 дугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Хэлэлцүүлгийн явцад багагүй маргаан дагуулсан асуудал бол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай, шаардлагагүй тухай байлаа.

Эцсийн дүнд тус албыг сэргээх шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл батлагдсан. Тэгвэл энэ талаар хүний эрхийн төлөө тэр дундаа эрүүдэн шүүхийн эсрэг тууштай дуу хоолой болдог төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. 

Та өмнөх ярилцлагадаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан нь хүний эрхийн ухралт болсон гэж хэлсэн. 2014 онд уг албыг яагаад, ямар шалтгаанаар татан буулгасныг манай уншигчдад эргэн сануулаач?

Хүн бүр Монголын уламжлалт цагаан сарын баяртаа бэлдээд завгүй байх тэр мөчид буюу 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолоороо ял завшуулсан энэ шийдвэрийг УИХ гаргасан юм.  Яг л “чоно борооноор” гэдэг шиг. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба (УЕПДМБА) нь прокурор, шүүгч, цагдаа нарын албадлага, дарамт, шахалтын эсрэг иргэдийн гомдлуудыг мөрдөн шалгахаар байгуулагдаж, үүргээ үр нөлөөтэй биелүүлж байсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс энэ албыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгөөд байхад мөрдөн байцаах албаны орон тоо, төсөв, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан байдаг. 

Тухайн үед эрх баригч нар бидэнд “Хууль сахиулах байгууллагынхны авлигатай холбоотой хэргийг л АТГ-ын харьяалалд шилжүүлнэ, бусад эрх хэмжээ нь буюу эрүүдэн шүүх гэмт хэрэгт мөрдөн шалгалт хийх эрх хэмжээг хэвээр үлдээсэн” гэж тайлбарласан. Тухайн үед Хууль зүйн сайд нь ч УИХ дээр юу болоод өнгөрснийг ухаарч ойлгоогүй, хожмоо “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болсон доо. 

Ингээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан харьяаллаар эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгахаар болсон. Татан буугдсан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах албаны статистикаас харвал, гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн 90 гаруй хувь нь цагдаагийн албан хаагчтай холбоотой байдаг.

Ямар үндэслэл, шалтгаанаар цагдаа цагдаагаа шалгахаар хуульд өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй, олон улсын өмнө хүлээсэн амлалтаасаа буцсан, Монгол улсын нэр хүндийг унагасан явдал болсон гэж Монголын Эмнести интернэшнл байгууллага үздэг.


Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны тогтолцоо хэр зөв байсан гэж үзэх вэ? Зарим хүн энэ алба зайлшгүй байх ёстой бөгөөд эрүүдэн шүүхийн эсрэг хөндлөнгийн байгууллага ажиллах нь зөв гэдэг. Гэтэл нэг хэсэг нь энэ алба бол иргэдийн жижиг, сажиг гомдлын мөрөөр цагдаагийн албан хаагчдыг хяхаж, хавчдаг байсан гэдэг. Та ямар тайлбар хэлэх вэ? 

Энэ албыг улс орон бүр өөрийн нөхцөлд тохируулан янз бүрээр байгуулдаг. Манайд анх шинэ алба байгуулах хэцүү, УЕП-ын дэргэд хараат бус байдлаар байгуулъя гэж хэлэлцээд байгуулсан. Үндсэн хууль зөрчиж байна гэж маргалдсан ч тухайн үед Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан юм билээ. 

Монгол Улс 2000 онд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орж, 2002 оны Эрүүгийн хуульд эрүүдэн шүүхийг гэмт хэрэгт тооцох болсон. Дээрх Конвенцид эрүүдэн шүүх гэмт хэргийг үйлдэгч нь төрийн албан хаагч хэмээн тодорхойлсон бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн тоо баримтаас харахад ихэвчлэн хууль сахиулах байгууллагын алба хаагчид тэр дундаа цагдаагийн алба хаагч нар ихэнх хувийг эзэлдэг.

Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бус, хөндлөнгийн байгууллага шалгах зайлшгүй шаардлагатай. Харин энэ байгууллага нь прокурорын дэргэд байх уу эсвэл бүр тусдаа бие даасан байгууллага байх уу гэдэг нь тухайн орны асуудал. НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бүх нөхцөлийг хангасан байхыг шаарддаг. Тухайлбал, мөрдөн шалгахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөц, хууль эрх зүйн орчин зэргийг дурдаж болно. 

Эрүүдэн шүүхийг ямар ч тохиолдолд, тэр бүү хэл дайны үед ч хориглодог. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны тухайд бол сайн ажилласан гэж магтаад байхааргүй ч хүлээсэн үүргээ тодорхой түвшинд гүйцэтгэж байсан. Зарим үед тус албаныхныг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэж үзэж болохоор байсан. Тэгэхээр эрүүдэн шүүсэн л бол заавал хариуцлага тооцох нь гарцаагүй.

Магадгүй бие махбодид нь үзэгдэж харагдахаар гэмтэл, бэртэл учруулаагүй байж болох ч айлган сүрдүүлж, заналхийлж, дарамтлах нь өөрөө сэтгэл санааны эрүү шүүлт болдог. Цагдаа нарын тухайд хэрэг илрүүлэхийн тулд гэр бүлийнхнийг нь заналхийлсэн, хилс хэрэг хүлээлгэхээр дарамталсан, хэл амаар доромжилсон, хууль бус хүч хэрэглэсэн, хүч хэтрүүлэн хэрэглэсэн гэх гомдлууд ихээр гардаг.

Эдгээр гомдолд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны үүрэг байсан. Тэд харин үүргээ биелүүлж, цагдаа нар хариуцлага хүлээх болоод ирэхээр жижиг, сажиг гомдлоор хяхаж, хавчиж байна гэдэг байсан байх. Энэ албыг татан буулгаж, эрүүдэн шүүсэн хэргийг цагдаа шалгадаг болсноор  “жижиг сажиг зүйлс” гэх нэрийдлээр эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан, хууль бус үйлдлүүдээ хэрэгсэхгүй болгосоор байгааг Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлээс харж болно.

Цагдаа цагдаагаа шалгах болсноор гомдол үндэслэлгүй байлаа гэх юм уу гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх зэргээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг ихэвчлэн гаргаж, эрүүдэн шүүсэн хэргээр хариуцлага хүлээсэн тохиолдол бараг байхгүй гэж хэлж болохоор байна.

Энэ бол Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаасаа ухарч, эрүүдэн шүүхээс ангид байх салшгүй эрхийг хангаж чадахгүй байгааг харуулж байна.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын нэр бүхий гишүүн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх тухай санал гаргасан. Энэ санал УИХ дээр олонхийн дэмжлэг авч чадаагүй. УИХ яагаад ингэж шийдсэнийг хүний эрхийг хамгаалагч, хөндлөнгийн судлаачийн үүднээс юу гэж дүгнэж байна?

УИХ-д эрүүдэн шүүх гэмт хэргийг тусгай албаар шалгуулахаар санаачлан оруулж ирж байгаа хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд байгаа нь сайшаалтай. Гэвч хуулийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийн ашиг сонирхлоос илүүтэйгээр бүлэглэл, салбарын ашиг сонирхлыг түлхүү тавьж байгаа нь харагдахын сацуу УИХ-ын гишүүд ч хүний эрхийн тухай мэдлэг ойлголт сул, олон улсын хамтын нийгэмлэгийн нэг хэсэг гэдэг мэдрэмж дутмаг санагдлаа.

Хууль зүйн байнгын хорооны гишүүд прокурор, цагдаагийнхны явцуу эрх ашгийг хамгааллаа. Яг ийм салбарын ашиг сонирхол хууль тогтоох үед гарч байсны улмаас 2002 онд Монгол Улс Эрүүгийн хуульд “Эрүүдэн шүүх гэмт хэргийг үйлдэгч нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байна” гэж хязгаарлан бусад этгээдэд ял завшуулж байсан юм.

Олон жил хүний эрхийн байгууллагууд үүнийг засахын төлөө уйгагүй тэмцэж, ярьж хэлсний хүчинд 17 жилийн дараа, энэ удаа яалт ч үгүй олон нийтийн шахалтаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд эрүүдэн шүүхийн тодорхойлолтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлсэн.

Эрүүдэн шүүж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг тогтолцоог үгүй хийж байгаа нь ахиад л баахан этгээдэд ял завших боломж олголоо гэж үзэж байна. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн хууль боловсруулан, баталж гаргах нь УИХ-ын үүрэг.

Гэтэл цагдаа цагдаагийнхаа үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг нь батлагдаж нотлогдсоор байтал УИХ-ын гишүүд түүнд ач холбогдол өгөхгүй байсаар энэ албыг сэргээх саналыг дэмжихгүй байгаа нь тодорхой бүлэглэл, гэмт хэрэгтнийг хамгаалах явцуу эрх ашигт үйлчиллээ гэхээс өөрөөр хэлэх үг алга.

Эмнести Интернэшнл болон бусад хүний эрхийн ТББ-ын зүгээс заавал прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхийг шаардаагүй. Гэхдээ прокурорын дэргэд байгаа нь асуудал болоод байгаа бол түүнээ үндэслэлтэйгээр гарган тавьж, хараат бус байлгахад анхаарч, дутагдал байсан бол засаад явахын оронд 12 жилийн турш хөрөнгө, хүч гарган байгуулсан албаа нэг л өдөр татан буулгачихдаг байж болохгүй шүү дээ.  

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаа сэргээхгүй шаардлагагүй гэж үзэн, хараат бус ажиллахад нь эргэлзэж байгаа бол энэ төрлийн өөр албыг байгуулах л ёстой байсан юм.  Гэвч УИХ-ын гишүүдэд хүний эрхийн мэдлэг, мэдрэмж, бас улс төрийн хүсэл зориг дутлаа.


УИХ-аар хууль батлагдаж, шийдвэр нэгэнт гарлаа. Одоо яах вэ? Танд ямар гарц байна? Шийдвэр яаж ч гарлаа гээд хүний эрх зөрчигдөхгүй байх ёстой шүү дээ. УИХ-ын нэр бүхий гишүүн цагдаа нь цагдаа шалгах нь зүй зохисгүй гэж үзэж байна. Нөгөө талаас хүний эрхийн талаар маш том шийдвэр гаргах гэж байхад Хүний эрхийн үндэсний комисс болон бусад ТББ-ууд чимээгүй байлаа гэж байна. Тайлбар өгнө үү?

Алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч засаж чаддаг байх ёстой. Тиймээс УИХ нэгэнт баталчихсан гээд орхих биш, хавар, намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.  Эмнести Интернэшнл нь дэлхий даяар эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хамгаалахаар олон жилийн турш кампанит ажил явуулсан бөгөөд үүнийхээ төлөө 1977 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан.

Тиймээс Эмнести Интернэшнл бусад байгууллагуудтай хамтран эрүүдэн шүүхийг таслан зогсоох асуудлаар эрх баригч нарт хандсан шаардлагаа үргэлжлүүлэн тавьсаар байх болно. Олон улсын хамтын нийгэмлэг ч бидэнтэй адил шаардлага тавьж байгаа. ХЭҮК, бусад хүний эрхийн төрийн бус байгууллагууд ч энэ асуудлаар дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Хэн ч чимээгүй байгаагүй.

“Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэгчээр бид 2014 оны 1 дүгээр сарын 24-нөөс хойш энэ асуудлаар улс төрийн намуудаас мөрийн хөтөлбөртөө оруулахыг, 2016 оны сонгуулиар сонгогдсон УИХ, Засгийн газар, холбогдох яамд, агентлагуудын удирдлагууд гээд бүх л түвшинд уулзаж, албан бичиг хүргүүлж, ярьж хэлсээр ирсэн. 

Ер нь иргэний нийгмийн байгууллагуудаас шаардлага тавихаар хүлээж авдаггүй, сонсоогүй мэт дүр эсгээд асуудал үүсэнгүүт ТББ-ууд хаана байна, юу хийсэн юм гээд байх шаардлагагүй. Эмнести Интернэшнлээс цаашид энэ асуудлаар нөлөөллийн ажлуудаа үргэлжлүүлсээр байх болно. Бид хэзээ ч зогсохгүй, бас шантрахгүй.

Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах алба байгуулахыг шаардах бидний дуу хоолой Эмнести Интернэшнлийг дэмжигчид, хамтран зүтгэгч иргэний нийгмийн байгууллагууд, хохирогчид, тэдний гэр бүл, найз нөхөд, хамаатан садны эв санаа нэг дуу хоолойгоор улам бүр өргөжин хүрэх болно.