УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.02.10

О.Баасанхүү: Гэм буруугүй гэдгээ хуулийн хүрээнд нотлох бололцоо бий юу гэдэг нь хамгийн чухал болоод байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. 

Эрүүгийн хууль батлагдсан учраас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх байх. Гэхдээ өмнөх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байсан зарчмын шинжтэй зүйлсийг уг хуулийн төсөлд өөрчлөлгүй, дахин оруулж ирсэн байна гэж харлаа. Хамгийн гол өөрчлөх ёстой асуудал бол өмгөөлөгч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Манай оронд шүүх, прокурор төвтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Жишээлбэл, сая сэтгүүлч хүн гүтгэлээ ял өгье гэж байна. Тэгвэл нотлох баримт гэдгийг чинь сэтгүүл үнэлэхгүй шүү дээ. Прокурор, шүүх л нотлох баримтыг үнэлнэ гээд байдаг.

Олон жишээнээс харахад сайн цаг ирэхэд сэтгүүлчийн зөв, муу цаг болоход сэтгүүлчийн буруу болдог. Учир нь сэтгүүлч нотлох баримт гаргаж өгөх эрхгүй. Хэрэв нотлох баримт цуглуулах юм бол хууль бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан гээд тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй эсвэл гэмт хэрэгтэн болно.

Ямар сайндаа хүмүүс гар утсаараа бичлэг хийж, авлига аваагүй гэдгээ нотлохыг оролддог. Эрүүгийн хууль чанга байх уу, зөөлөн байх уу гэдгээс үл хамаарч гэм буруугүй гэдгээ хуулийн хүрээнд нотлох бололцоо бий юу гэдэг нь хамгийн чухал болоод байна. Тиймээс Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх процессийн хуульд маш няхуур хандах ёстой.

Хуульд, хүнийг баривчлахдаа шүүхийн мэтгэлцээнээр баривчилна гэж байгаа боловч прокурор нь шүүгчтэй үгсэж, өмгөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийддэг. Ийм хэлбэр төдий байвал үүн шиг хэрэггүй зүйл алга. Хоёрын хооронд хэлбэр төдий шинэчлэл хийгээд хэрэггүй.

Өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд прокурор дүгнэлт гаргана, өмгөөлөгч санал гаргана гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн санал прокурорын дүгнэлтэд үндэслэж гардаг. Шүүгч нотлох баримтыг үнэлдэг. Угтаа бол манай улсад л Үндсэн хуульдаа прокурор гэж зааснаас биш бусад улсад прокурор бол төрийн өмгөөлөгч гэдэг утгаараа хэрэглэгддэг.

Прокурор нь яллагч биш, гэм буруутныг тогтоодог нэгэн биш төрөө өмгөөлж, төрийн хуулийг хамгаалдаг хүн. Ерөнхий прокурор гэдэг нь ерөнхий өмгөөлөгч гэж явдаг. Нөгөө нь иргэний өмгөөлөгч.

Ингээд шүүх хуралд хоёр талыг төлөөлсөн өмгөөлөгч хэн хэн нь байлцах гэхээр төр өөрийн талдаа үйлчлүүлэх гээд байдаг. Гэтэл өмгөөлөгч хараат бус байх ёстой. Энэ бүхэн байцаан шийтгэх ажиллагааны хамгийн том зөрчилд хүрдэг.

Нөгөө талаас шүүх гэм буруутайг тогтооно гэсэн байтал шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч, яллагдагч гэж нэрлээд байдаг. Угтаа бол тэр хүн сэжигтэн шүү дээ. Хэрэв буруутай нь тогтоогдвол яллагдагч болно шүү дээ. Одоо бол яллагдагчаар татлаа гэхээр гэм буруутай нь тогтоогдчихсон юм байна гэж олон нийт ойлгодог.