Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.
Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.
Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд нийцүүлэх чиглэлээр боловсруулсан юм байна.