Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлаас хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг эрхэмлэн дээдэлж холбогдох эрх зүйн шинэчлэлүүдийг хийж байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалыг амилуулж шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах зорилгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан гэх мэт олон хуулийг нэрлэж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог хэдий ч гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бас нэг зорилго байдаг гэдгийг мартаж болохгүй” хэмээв.
2021 оны 4-р сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж Улсын Их Хурал мөн оны 10 сард уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд буй.
Хууль санаачлагчаас хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийлээ. 2019-2021 оны хооронд шүүхээс хэргийг буцаасан статистик тоон мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд 13 мянга гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь прокурорт буцаагдсан байна. Давж заалдах шатны шүүхээс 2700 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс мөн 10 орчим хувь нь анхан шатны шүүх, прокурорт буцаагдсан гэв. Харин Улсын дээд шүүхээр 2019 онд 674, 2020 онд 685 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж үүнээс 50-60 хэрэг нь шүүх рүү болон прокурор руу буцаагдсан гэх тоон мэдээллийг танилцууллаа. Мөн шүүхийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтын өөрчлөлтийн түүхээс илтгэлдээ дурдав.
Дэлхийн улс оронд шүүхийн үе шатнаас эрүүгийн хэргийг буцаадаг жишиг байхгүй болсон. “Нотол чадахгүй бол цагаатга” гэдэг зарчим нутагшиж байна. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчдөг. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь эрүү шүүлтийн хэлбэр болохыг илтгэлдээ онцоллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг хангаж, ял завших боломжийг хязгаарлан, шүүхийн шатанд хэргийг буцаахгүйгээр оролцогчийн эрхийг хамгаалахаар заасан гэдгийг тайлбарлав.
Үүний дараа шүүхээс прокурор руу шилжүүлсэн хэргийн судалгааны талаар мэдээллийг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлэв. Хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа хуулийн байгууллагын албан хаагчдад тооцох хариуцлага, шүүх хуралдааныг хойшлуулах хугацааг 60 хоног болгон өөрчилж буй шалтгаан, тогтоосон хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар шийдвэр гаргахгүй бол хэрхэх, хууль батлагдсанаар тогтолцооны хувьд гарах өөрчлөлт, эрсдэлийг тооцож судалсан эсэхийг асууж, хариулт авлаа.
Мөн хуулийн байгууллагуудын санхүү, ажиллах хүчний асуудлыг шийдсэний дараа тогтолцооны шинэчлэлийг хийх, шүүхээс хэрэг буцаадаггүй байх өөрчлөлтийг оруулахын тулд өмгөөлөгчийг тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримттай танилцаж санал хүсэлтээ гаргах боломжийг нээж өгөх, тогтоосон хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд дараагийн процессыг тодорхой зааж өгөх ёстой зэрэг саналуудыг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж үг хэлснээр эхний хуулийн хэлэлцүүлэг өндөрлөв.