Ө.Энхтүвшин: Хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй шүү дээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
УИХ-аар баталсан хуульд хэд хэдэн дэвшил гарсан гэж үздэг. Гэхдээ уг хууль хүчингүй болсон. Тэгвэл эдгээр дэвшилтэт санаанууд энэ хуулийн төсөлд туссан уу?
Нэгд, Хүнийг нэг шөнийн дотор л амархан баривчлаад аваад явдаг. Одоо ингэж баривчлахгүй, хангалттай нотлох баримттай болсон тохиолдолд шүүгчийн зөвлөгөөн хийж байж баривчлагаа явуулна гэж уг хуулийн төсөлд оруулсан уу?
Хоёрт, баривчилсныхаа дараа хугацааг нь сунгаад л хориод байдаг. Мөрдөн байцаадаггүй атлаа 6 сар, нэг жил, нэг жил хагас болдог. Энэ байдал хэвээр хадгалагдах уу?
Гуравт, сэжигтнээр татсан бол тодорхой хугацааны дараа нотлогдох юм бол хэргийг цааш үргэлжлүүлж шалгана, хэрэв нотлогдохгүй бол шууд суллана гэдэг атлаа өөр хэрэг тохох эсвэл өмнөх хэргийг сөхөх байдал байсан. Энэ байдлыг арилгасан уу?
Жишээлбэл, Казиногийн хэргээр анх баригдсан нөхдүүд сүүлдээ татварын хэргээр ял авсан шүү дээ.
Дөрөвт, нэг талаас гэм буруутай гэсэн атлаа гадуур сул чөлөөтэй явсаар байдаг. Гэтэл яллагдагчаар дууддаггүй. Тэгснээ нэгэнт дууддаг. Энэ мэт байдал өнгөрсөн жилүүдэд гарсан.
Нөгөө талаар анхны шатны шүүхээр буруутай гэж үзээд ял оноодог. Гэтэл давж заалдах шатны шүүхээс цагаатгадаг. Энэ хооронд тухайн хүн сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч, ар гэрийнхэн нь хүнд байдалд орсон байдаг.
Хэрэв гэм буруугүй хүнийг яллагдагчаар татаж, давж заалдах явцад гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд анхан шатны шүүхээс гаргасан буруу шийдвэрийн хохирлыг хэн барагдуулах вэ? Хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Эрдэнэтийн асуудлаар Нийслэлийн прокурор дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл тэр дүгнэлтээ нуун дарагдуулснаас болж, дээд шатны прокурорт хандах хугацаа нь дууссан байх жишээтэй. Хэргийг зориуд, санаатай нуун дарагдуулсан хэргийг яах вэ? Ер нь шүүх, прокурор алдаа гаргасан, хүнийг зориуд ялласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх нь зөв бэ?
Шүүгч, прокуроруудын цалинг нэмээд байдаг. Гэтэл тэдэнтэй хариуцлага ярьдаггүйн улмаас хүнийг хохироогоод байдаг. Үүнийг ямар хуулиар зохицуулах ёстой вэ? Зарчим ярихгүй шүү.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
Бид баривчлагдаж, хоригдоод цааш ял авсан хүмүүсийн тохиолдлууд дээр анализ хийж үзэхэд 2014-2016 оны байдлаар нийт баривчлагдаж, саатуулагдсан хүмүүсийн ¾ нь шүүхэд очоогүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй буюу гэм буруугүй хүмүүсийг баривчилж, хорьсон байна гэсэн тоо бий. Хүнийг хоёр үндэслэлээр барьж, саатуулдаг.
Нэгд, гэмт хэрэг үйлдсэн газар дээрээ баригдаж байгаа хүн
Хоёрт, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон хүнийг барьж, хорьдог. Гэхдээ баривчлах, саатуулах явдлыг гагцхүү шүүхийн зөвшөөрлийг үндэслэнэ гэж хуулийн төсөлд тусгасан. Баривчилж, саатуулсны дараа цагдан хорихдоо тодорхой үндэслэлтэй байна гэж хуулийн төсөлд заасан. Гэмт хэргийн хүнд, хөнгөн хэлбэрээс үл хамаарч цагдан хорьдог байсныг журамласан.
Одоо бол бусдыг санаатай хөнөөсөн, зохион байгуулалттай, үндэсний аюулгүй байдлын эсрэг буюу терроризм, тагнуул хийх зэрэг тодорхой гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл цагдан хорьж байгаа. Үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорьж, хэрэг тулган хүлээлгэдэг эсвэл гүйцэтгэх ажил явуулж байгаад хэрэг нэмдэг асуудал байхгүй болно гэж ойлгох хэрэгтэй.
72 цагийн дотор баривчлан саатуулдаг байсныг 24 цагийн дотор шүүхийн шийдвэртэйгээр баривчлан саатуулахаар хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэргүйгээр хүнийг барьж, хорьдог, хүний үндсэн эрхэд халддаг байдал хуулийн төсөл батлагдсанаар арилна.
Нөгөө талаар хэрэг үүсгэчихээд орхидог тохиолдол бий. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа хэргийг хүчингүй болгодог байдлыг уг хуулийн төслөөр таслан зогсоож байгаа. Гурван сар тутам прокурор түдгэлзүүлсэн хэрэг дээр тусгайлсан хяналт тавьдаг байхаар журамлаж өгсөн. Тиймээс прокуроос гадуур хэргийг түдгэлзүүлж, сейфиндээ дардаг байдал арилна.
Хууль сахиулах албан тушаалтан, албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж, иргэний эрх ашиг хөнддөг, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод үлддэг тохиолдол бий. ХМХ-ээр тухайн хүнийг яллагдагчаар татлаа гээд зарлачихдаг.
Уг хэрэг шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, цагаатсан тохиолдолд зарладаггүй. Олон нийтийн дунд тухайн хүн гэм буруутан мэтээр ойлгогдоод үлдэх нь бий.
Энэ бүхнийг уг хуулийн төслөөр журамласан. Ингэхдээ шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон бол яллагдагчаар татагдсан гэдэгтэй нь адил хэлбэрээр хүчингүй болсон гэдгийг мэдээлнэ гэж зааж өгсөн. Хэрэв хэвлэлийн бага хурал хийж, яллагдагчаар татлаа гэдгээ зарласан бол дахин хэвлэлийн бага хурал хийж, гэм буруугүй гэдгийг долоо хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой.