ТАНИЛЦ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам 168 хоногт
МОНГОЛ УЛС 71 САЯ МАЛТАЙ ХЭР НЬ 24 САЯ МАЛТАЙ БАЙХ БЭЛЧЭЭРИЙН ДААЦТАЙ БАЙНА
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж байгаа хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ХОЁР ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
10 орны 200 гаруй хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулах санал санаачилгаа гарган хоёр өдөр чууллаа. Чуулганы хоёр дах өдөр “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” сэдвийн хүрээнд асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн саналуудыг гаргав.
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ БИЧИГ, БАРИМТЫГ ГАРДУУЛЛАА
БОАЖЯ “Аялал жуулчлалын тухай хууль”-аа шинэчлэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлуулж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж байна. Эхний ээлжид “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулж, холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханд бичиг баримтыг хүлээлгэн өглөө.
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ОЙН САНД ОЛГОГДООД БАЙСАН 169405 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн. БОАЖ сайдын тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.
“УГТАМ УУЛ” УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БНГ-Т ТАНДАЛТ, АЖИГЛАЛТ СУДАЛГААНЫ АВТОМАТ КАМЕР СУУРИЛУУЛЛАА
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Угтам уул” улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх зорилгоор автомат камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
МОНГОЛ УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 4,7 ХУВЬ НЬ НЭН ХҮЧТЭЙ ЦӨЛЖСӨН БАЙНА
“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол - хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар” хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгууллаа.
Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан бол өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж байгааг судлаачид тогтоогоод байна.
ЯПОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН JAPAN AIRLINES(JAL) КОМПАНИЙН АНХНЫ НИСЛЭГЭЭР 128 ЯПОН ЖУУЛЧИН МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ
Japan Airlines(JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ чиглэл, шууд нислэгүүдийг нээх хэлэлцээрүүдийг улс орнуудтай хийж байна. Энэ хүрээнд олон улсын шилдэг авиа компаниудын нэг Japan Airlines(JAL) Монгол Улсад анхны нислэгээ хийлээ.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН 450 М3 ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Монголын уул уурхайн ассоциацитай “Өглөөний уулзалт” хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2-8 дахь километрийн хооронд бүх нийтийн хог цэвэрлэгээ хийлээ. Үүнд “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХХК-д, “Гашуун сухайт авто зам” ХХК,” Шанх майнинг” ХХК-ийн 9 н авто самсмол, 2 ковш, 1 автогридер, 50 хүний бүхэлдэхүүнтэй 5 орчим га талбайгаас 450мкуб хог хаягдлыг цэвэрлэж хог хаягдлын цэгт хүргүүлэв.
СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР БОЛОХ ДЭЛ УУЛЫН ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км-т Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй гайхамшигт дурсгалуудын нэг Дэл уулын цогцолбор дурсгал бий. Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км хойноос урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудад МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд хадны сүг зургийг өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей хэмээн нэрлэдэг.
ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Чигэртэйн голын ай савын БЦГ-т нэвтрэн орсон дотоодын аялагч нарт ТХГ болон амьтан ургамлын талаар танилцуулга танилцуулан, ан амьтныг үргээхгүй, ил задгай хог хаялгүй хариуцлагатай аялах мөн ТХГ-ын хууль тогтоомжийг зөрчихгүй байх талаар мэдээлэл өгөв.
Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
Хамгаалалтын захиргааны Судалгаа шинжилгээ байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн П.Энхсайхан мэргэжилтэн байгаль хамгаалагчдын хамт Цогцолборт газрын Бэлчээрийн ургац даацын судалгааг хийж байна. Мөн иргэдэд байгалийн баялгийг хуулийн хүрээнд зөв зохистой ашиглах талаар ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хийлээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах 2800м3 газрын удаан жил хуримтлагдсан 200 гаруй тонн үнс болон хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгт буулгах ажлыг хийж гүйцэтгэв.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын БОХУБайцаагч Т.Бауыржан, Өлгий, Толбо, Бугат сумын байгаль хамгаалагч А.Дамысбек, Х.Сураган, Х.Ердаулет нар аймгийн ОБГазар, Зооноз өвчин судлалын төвийн холбогдох албан хаагч нартай хамтран Толбо сумын 6-р багийн нутагт орших Хонгор өлөн гэх газарт хууль бусаар тарвага агнахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад Ховд аймгийн иргэн Б болон А нар нь тарвага агнаж байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ авч ажиллав.
ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэн Үер усны гамшгийн улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Даваа-Очир, мэргэжилтэн М.Хишигт, байгаль хамгаалагч Б.Батцэнгэл, Э.Шинэбаяр, Д.Эрдэнэбаяр, О.Отгонболд, Б.Орхон нарын хамт тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын 55 иргэнтэй хадлан бэлтгэх гэрээ байгуулан ажиллалаа.
БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Монгол Улсын нийт Сав газрууд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн чиглэлээр талуудтай санал солилцох сургалт, хэлэлцүүлэгт Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа, Газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн М.Дүүрэн, Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт, сургалт, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Ж.Баасансүрэн нар хамрагдлаа.
ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Шахлагын хөвөө гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа Хэнгүн ХХК-ны Дөрвөн бэрх жуулчны бааз нь газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан мөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж баазын хашаагаа барьсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.17 зүйлийн 2-р заалтаар 5000 нэгж төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдууллаа. Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Хархорин суманд үйл ажиллагаа явуулж байгаа 5 ААНэгжийн цэвэр бохир усны цооногийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.
БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН "Байгаль хамгааллын байнгын санхүүжилт”-ийн хөтөлбөрийн хүрээнд САВ ГАЗРУУД БОЛОН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН чиглэлээр талуудтай санал солилцох хэлэлцүүлэгт оролцов. Уг хэлэлцүүлэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монгол орны нийт сав газрын захиргаад, ШУТИС-ын ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар, МУИС-н Хэрэглээний математикийн тэнхим, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ашиглалтын салбарын эрдэмтэн, судлаачид, ТББ, Олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд нийт 90 орчим хүн оролцов.
УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамрах газар нутгуудын үзэсгэлэнт байгалийг танин мэдэх аяллын маршрутыг боловсруулан, Олон улсын контент бүтээгчдийг хүлээн авч Монгол орны баруун бүс, төвийн бүс болох Хөвсгөлийн БЦГ, Дархадын цэнхэр хотгор, Улаан тайга, Хорьдол сарьдаг, Тэнгис-Шишгэдийн БЦГ-тай танилцсан юм. Хүндэт зочдыг байгалийн баялгаа гайхуулсан хүндэтгэлийн ширээ засан хүлээн авч, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа танилцуулан, хамгааллын ажлын үр дүн, үйл ажиллагаа сурталчлав.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
БОАЖЯ-ны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулагдсан “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “21 Сав газрууд болон Тусгай хамгаалалттай газар нутаг”-ийн хамгаалалтын менежментийг сайжруулах талаарх сургалт, хэлэлцүүлэгт Туул голын сав газрын захиргаанаас 3 албан хаагч хамрагдав.
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Өмнөговь аймгийн Ноён сумын Ногоон хошуу, Гурвантэс сумын Засварын цех,
Танагийн кемп, Довын булаг, Тооройн шандад байрлах газрын доорх усны хяналтыг сайжруулах, мониторингийн цооногийн эвдрэл гэмтлийг засварлаж шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлаар KПМ ХХК- тай хамтран ажиллалаа.
ХАР-УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Мэргэжилтэн С.Жаргалсайхан, Байгаль хамгаалагч Б.Уянзориг нар хамт Хөх сэрхийн нурууны дархан цаазат газрын орчны бүс болох Ховд, Дэлүүн, Дуут сумдын нутаг дэвсгэрт 580 км зам туулан Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газрын орчны бүсэд тусгай зориулалтын агнуур зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Хархорин суманд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, ШТС-уудад хяналт шалгалт хийлээ. ШТС-ын нөөцийн савны цэвэрлэгээ, металл хийцийн оношилгоо, савны ашиглалтын нөөцөд эрх бүхий байгууллагаар сорилт баталгаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавин ажиллалаа.Шалгалтад хамрагдсан 6 жуулчны баазын хөрс бохирдуулагч энгийн нүхэн жорлонг дарж булан, цэвэр бохир усны системд холбогдсон эрэгтэй, эмэгтэй суултуур бүхий ариун цэврийн байгууламжаар бүрэн хангагдсан бөгөөд 10-20 тн багтаамж бүхий шингэн хаягдлыг багтаах эзлэхүүнтэй цооног ашиглаж байна.
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг, Ар булгийн урсцыг нэмэгдүүлэх боломжийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр шалгарсан Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судалгааны баг ирж булгуудын дэд сав газрын физик газар зүйн нөхцөл, хөрсний шинж чанар, гадаргын усны чанар, газрын доорх усны чанарыг тодорхойлох зорилгоор дээж авах ажлыг зохион байгуулж байна.
УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА БОАЖ-ын Сайдын 04 дүгээр албан даалгаврын хүрээнд сав газрын захиргаа
“Шивээ-Овоо” ХК, “Эм Эл цахиурт овоо”, “Би Ти Девелопмент” ХХК-тай хамтранГовьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын 3 усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс орчмын 6 га талбайд, 36 албан хаагч, 7 машин техник хэрэгсэл оролцож, 5.4 тн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Аймгийн хэмжээнд байгаа аялал жуулчлалын бүс болох Чойрын богд уул, Цоорхойн рашаан зэрэг газар болон зам дагуух түр буудаллах цэгүүд дэх 5 байрлалд байгаа стандартын оторлогоотой нүхэн жорлонгуудад мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө авч, органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг багасгах, эвгүй үнэрийг арилгах бодис хийж, хөрс, орчны бохирдлыг бууруулах, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээ авч ажиллав. Мөн Хаялага нуур, Чойрын богд уулын чиглэлд 4 удаа эргүүл шалгалт зохион байгууллаа.
ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Ашигт малтмалын ашиглалтын зориулалттай олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайд хяналт шалгалт хийв. Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газарт ашигт малтмалын ашиглалтын
зориулалттай олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийх, Усны тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Бүрэнтогтох сумын Тултын тохой болон Цагаан эрэгт хайрга олборлолтын зориулалттай тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайд хээрийн хэмжилт хийж, баталгаажуулан, нөхөн сэргээлтийн арга хэмжээтэй танилцан, зөвлөмжөөр хангав.
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд зэрлэг амьтны мониторинг судалгааны ажил хэрэгжүүлэхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэгийг тус тус тус ажиглаж смарт программыг ашиглан мэдээллийг дамжуулан ажиллав.
Судалгааны ажилд Хамгаалалтын захиргаа дарга, байгаль хамгаалагчид мөн франц улсын сайн дурын ажилтан судлаач Penelope, Henc Fuch нар оролцов.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2023 онд хийж гүйцэтгэж байгаа Сайхан, Орхон сумдын ойн зурвасын усалгааны эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор гүний худаг гаргах ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ ойн зурвасуудыг цаашид сумын агропаркийн зориулалтаар ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. 2022 онд Орхонтуул сумын Замын булагт хөв байгуулсан. 2023 онд Орхон сумын Нарангийн булаг гэх газар цөөрөм байгуулахаар ажлыг эхлүүлж байна. Орхон, Орхонтуул сумууд нь манай аймгийн усны хомсдол бүхий сумдын тоонд ордог тул онцгойлон үйл ажиллагааг явуулж байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид Эрдэнэбулган суманд байгалийн дагалт баялаг худалдан борлуулдаг иргэдэд байгалийн дагалт баялгийн болц гүйцэх хугацаа болон экологийн ач холбогдол, хуулийн хариуцлагын талаар танилцуулж, зөвлөгөө өгч ажиллалаа. Нийт 50 орчим иргэнд зөвлөгөө өгч, байгалийн дагалт баялгийн ашиглалт, хамгаалалт, хуулийн хариуцлагын талаарх 2 төрлийн 200 ширхэг гарын авлагыг тараалаа.
АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ЗГХА Ойн газар, Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангийн инженер, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтран хуш модны самрын ургацын нөөцийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Хуш модны самрын судалгааг "Монголын ой судлалын нийгэмлэг"-ийн боловсруулсан арга зүйн дагуу Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Ихтамир, Жаргалант сумдын хушин ойн 60 гаруй цэгт дээж талбай байгуулан холбогдох хэмжилт тооллогын ажлыг гүйцэтгэлээ.