Сахлын машин ба эрх чөлөө...
2025.05.15

Сахлын машин ба эрх чөлөө...

Орост оюутан байх үед нэг өдөр телевизээр Brаun гэдэг нэртэй сахлын машины сурталчилгаа явав аа. Сахлын машины торных нь хэлбэрийг томсгож харуулсан чинь нүхнүүд нь гурвалжин, дөрвөлжин тохиолдлын өнцгүүдтэй, эмх цэгцгүй гэж жигтэйхэн. Багад аавын сахлын машин олон жижигхэн ижил хэмжээний бөөрөнхий нүхтэй байсан нь гэнэт бодогдлоо.

Гэтэл сурталчилгаа нь гарч байгаа сахлын машиных зөгийний үүр шиг зургаан өнцөг бүхий том жижиг маш олон нүхтэй. Тэр рекламыг хараад шууд л “Эмх замбараагүй дүрсний олонлог учраас сахлыг илүү сайн авдаг байх нь. Энэ чинь ерөөсөө байгалийн хууль юм байна. Бас хүний нийгмийн хууль ч үүнээс ялгаагүй” гэсэн бодол төрсөн л дөө. За тэгээд ургуулаад бодлоо. Санаанд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол шингэний молекул. Усан доторх молекулыг харвал ямар ч эмх замбараагүй хөвөрч байдаг даа. Ямар ч эмх цэгцгүй, дуртай зүг рүүгээ хөдөлцгөөдөг. Үүнийг Броуны хөдөлгөөн гэдэг юм. Үр дүнд нь ус хэмээх эмх цэгц үүсдэг гэсэн үг. За тэгээд усаа ургуулж бодлоо. Ус ууршихаараа үүл болчихдог, тэгээд бороо болж бууснаа буцаад л урсдаг. Урсахдаа бас л эмх замбараагүй дураараа урсдаг.

Гэхдээ урсаж буй ус голыг харахад хэчнээн эмх цэгцтэй, үзэсгэлэнтэй билээ. Товчхондоо амьд амьгүй байгаль дээрх энэ эмх цэгц, гоо үзэсгэлэнг усны эмх замбараагүй байдал үүсгэдэг. Амьд байгалийг цааш нь ургуулаад бодохоор их сонирхолтой. Байгалийн шалгарлын хууль гэж байдаг даа.

Экологийн тэнцвэр буюу ургамал амьтдын зохистой харьцаа, гоо сайхан, эмх эгц бол эмх замбараагүй байдлын үр дүнд л бий болдог. Хүн л өөрсдийгөө бүхнээс ухаантай гэж сэтгэж юм бүхнийг яг таг ойлгож, яс тас зааварлах гэж оролддог амьтан. Ийм төрлийн ургамал илүү ихийг тариална гээд тариалдаг, өнөөх нь илүүдэхээрээ байгалиа эвдэж эхэлдэг. Үр дүнд нь бусад төрлийн ургамал амьтныг сүйтгэдэг. Аж үйлдвэр хүний гараар бүтсэн хөгжил. Хэт их аж үйлдвэржилт дэлхийн дулаарал гэсэн том асуудлын шалтгаан болчихоод байгаа.

Товчхондоо хүний бүтээсэн эмх цэгц гэдэг зүйл эргээд экологийн тэнцвэрийг эвддэг. Эмх цэгцтэйгээр мал аж ахуйг хөгжүүлье гээд асар том хэмжээний фермүүдийг дэлхий даяар барьсны нөлөөгөөр илүүдэл жинтэй хүмүүсийн тоо, амьтны гаралтай элдэв өвчний өсөлт, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж яваа.

Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 18 хувь нь мал амьтны гаралтай. Малын амьсгал, унгас гэсэн үг л дээ. Мал амьтны хатуу хаягдал ялзрахаараа метан болж хувирдаг. Ер нь мал амьтнаас гаралтай хүлэмжийн хий автомашинаас өндөр байдаг. Махыг хэрэглэдэг хүнээс ялгардаг хүлэмжийн хий ч гэж бий.

Хүний эмх цэгцтэй хөгжүүлнэ гэсэн хүсэл эргээд байгалийн тэнцвэрийг алдагдуулдаг жишээг энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй. Хүн гэдэг амьтны бүхнийг цэгцэнд оруулах гэсэн хүслийн балаг ганц байгальд ч биш, нийгэмд ч нөлөөлж байна.

Хүмүүс нийгмийг өөрсдийнхөө бодлоор хайрцаглаж эмх цэгцэнд оруулах гэж хичээдэг. Үр дүнд нь элдэв мөргөлдөөн, зөрчил, гэмт хэрэг гэх мэт асуудлууд ургадаг жишээ ч өчнөөн бий. Яг нарийндаа хүн гэдэг чинь байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгалийн бүтээгдэхүүн болох хүмүүс нийгмийг бүтээдэг учраас байгальд үйлчилдэг хууль нийгэмд ч ялгаагүй үйлчилнэ.

Хамгийн тод жишээ бол чөлөөт эдийн засаг. Эдийн засгийн олон янзын томьёо онолууд бий. Нийгэм өөрчлөх бүрт эдийн засгийн мэдээлэл, хандлага өөрчлөгдсөөр ирсэн. Гэхдээ хамгийн их үр дүнтэй буюу эмх цэгцэнд хүргэсэн нь чөлөөт эдийн засаг.

Чөлөөт эдийн засаг бол хүмүүсийн сайн дурын чөлөөт харилцаан дээр тулгуурласан зүйл. Үл үзэгдэх гар гэж ярьдаг даа. Зах зээлийн зохицуулалтыг хэн нэгний хүчтэй гар биш, хүмүүсийн эрх чөлөөтэй үйл ажиллагаа, жам ёсоороо өрнөж буй эдийн засгийн харилцаа хийдэг. Ингэж чадсан эдийн засаг зохистой тэнцвэрт байдалд орж улам төгөлдөрждөг. Үр дүнд нь ард түмний орлого, баялаг өсдөг. Сахлын машины нүх олон янзын, замбараагүй байж гэмээнэ хүний нүүрэнд эмх цэгцийг үүсгэдэгтэй агаар нэг зүйл л дээ. Хүмүүсийн үйл ажиллагаа эрх чөлөөтэй байх тусам нийгэм, эдийн засаг хөгждөг.

Инженер Ж.Золжаргал