2023.07.06

Д.Өнөрболор: Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд эрх зүйн дүгнэлт гараагүй байна!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Нийслэл Улаанбаатар хотод татваргүйгээр ашиг олох зорилготой хорт утаа ялгаруулах 1000 уурын зуух бий болгох хуулийг батлах гэж байна. Байнгын хорооны хурал дээр миний бие эрх зүйн дүгнэлт гаргуулахаар санал гаргасан. Эрх зүйн дүгнэлт одоогийн байдлаар гараагүй байхад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж байна.

Хүч түрж буй үйл явцаас харахад, олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг хугацаанд улайрч байгаа нь иргэд олон нийтийн өмнө хийж байгаа гэмт үйлдэл юм. Хууль зүйн дүгнэлтээрээ, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал энэ хууль нь үндсэн хуулийн зөрчилтэй батлагдаад явах нь.

Тодруулбал, уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирэх. Түүнийгээ угсраад хорт утаа үйлдвэрлэх түүгээрээ дамжуулаад ААНОАТ-аас чөлөөлөгдөх мөн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хязгаарласан буюу Үндсэн хуулийг зөрчсөн хууль батлагдах гэж байна.

Тиймээс гишүүд үүн дээр анхаарч, ард иргэдийнхээ өмнө гэмт хэрэг үйлдэж буй тус хуулийг батлахгүй байх тал дээр дэмжиж өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Түүхийн нүүрсний хэрэглээг дэмжиж болохгүй