Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай
Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ойрын өдрүүдэд үргэлжлэх хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай байгааг сэрэмжлүүлэв.
Т.Баярхүү УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа
Долдугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 сумд голын ус эргээсээ хальсан, үерт автсан дуудлага, мэдээллүүд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.
Үерт орон сууцны барилгууд, айлын гэр, хашаа, байшин, албан байгууллага, ААН-ийн офисын барилга өртөж, хохирсон. Улсын болон орон нутгийн чанартай авто замууд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замууд эвдэрсэн. Мөн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн гэмтлүүд учирсныг холбогдох байгууллагууд тухай бүрд нь сэргээн засварлах арга хэмжээг авч ажилласан.
Долдугаар сарын 26-нд УОК-оос Засгийн газарт зарим асуудлыг танилцуулснаар Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд эвдэрсэн гүүрийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлахаар шийдвэрлээд байна. Гашуунсухайт боомтод нүүрсний авто зам болон төрийн байгууллагуудын дэд бүтцэд учирсан гэмтлийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр засварлана.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуух айл өрх, албан байгууллагуудад учирсан хохирлыг сэргээн засварлах ажлууд хийгдэж байна. Холбогдох үнэлгээг хууль журмын дагуу хийгээд УОК-т танилцуулсны дараа хохирлын үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор голын дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллах, камерын хяналт тавих, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэх, голын дагуу эрсдэлтэй байршлуудад хориглосон тэмдэг байршуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдолд бүртгэгдэж, 37 хүн амь насаа алдлаа. Үүний 25 нь том хүн, 12 хүүхэд. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны ослын тохиолдлыг эрэн хайж байна.
Гол усны түвшин нэмэгдсэн үед гарамгүй газраар гарах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, өөрсдийн машин техникт хэт найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орох, анхаарал болгоомжгүй байх зэргээс шалтгаалан усны осол гарч байгаа.
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжлэх тул иргэд гол усны эрэг орчмоор амрах, отоглох нь нэмэгддэг. Голуудын үерийн түвшин хэт нэмэгдсэн, үерийн хүчтэй урсгалын улмаас эргийн хөрс зөөлөрч, нурах эрсдэлтэй байдаг учир голын эргээс хол байрлахыг онцгойлон анхаарах шаардлагатай. Амралт, зугаалгын үеэр харамсалтай нөхцөл байдал гарч байна. Иргэд бие биедээ шаардлага тавьж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөхийг зөвлөе.
Үерийн аюултай бүсээс хол амрах, гэр байшин хашаагаа эрсдэлээс хамгаалж далан шуудуу ухах зэргээр урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй" хэмээн хэллээ.
Хүүхдийг голын эрэг рүү 200 метрээс дотогш оруулахгүй байх, малчид, иргэд гол гатлахдаа заавал гүүр, гармаар гарах, голд хийлдэг завь, гудас ашиглахгүй байх, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг зөвлөв.
Үргэлжлүүлэн "Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас хуурайшилт ихтэй байгаа нутагт ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэнэ. Иймд ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишээ замбараагүй хаяхгүй байхыг анхааруулж байна.
Өчигдөр Завхан аймгийн Баянтэс суманд ой хээрийн түймэр гарч, унтраасан. Хэт халалтын араас буюу наймдугаар сарын 1-нээс түр зуурын болон аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээлсэн учир зөвлөмж, анхааруулгыг дагаж мөрдөхийг хүсье гэлээ.
Л.Оюунжаргал ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
2023 оны 07-29-нөөс 08-02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Агаарын температур:
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Н.Сувдмаа ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга
Гэдэсний халдварт өвчний улиралчлал 6-р сараас эхэлдэг ба үүнтэй уялдуулан улиралчлал угтуулан зөвлөмж сэрэмжлүүлэг өгсөөр байгаа.
7-р сарын эхний 7хоногоос үерийн аюул нүүрэлсэнтэй холбоотой өдөр бүрийн хийгдэж байгаа тандалтын мэдээллийг хянаж, тандалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотой 21 аймгаас халдварт өвчний мэдээг өдөр бүрээр авч байна. Мэдээллээс харахад үертэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй, ойрын өдрүүдийн тандалтын мэдээллийг харахад ч нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хүлээн авахаар 60 хүн ирж үйлчлүүлснээс 2 цусан суулга, 1 сальмонеллез хэвтсэн байна.
Гэсэн ч иргэд маань тайвшрахгүй мэргэжлийн төв байгууллагын өгч байгаа зөвлөмжийг үргэлжлэн дагаарай.
Үүнд:
- Гараа бохирдсон тухай бүр гараа савандаж, зөв дарааллын дагуу угаах
- Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмж дагаж мөрдөх
- Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэр эмчид хандан зөвлөгөө авах