НҮБ цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцийн талуудын XVII бага хурлыг зохион байгуулах эхний ажлын хэсгийнхэн Монголд ирлээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Суурь Конвенцийн Нарийн бичгийн даргын Тамгын газрын дарга Ражиб Боулхароф, мэргэжилтэн Махамоуди Бако нартай уулзалт хийв.
Монгол улс нь “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенци”-ийг 1996 онд соёрхон баталж өнөөдрийг хүртэл Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудалд чухал ач холбогдол өгч 2030 он гэхэд Тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачлага дэвшүүлж, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс багагүй хэмжээний хөрөнгийг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан өрнүүлж улс орнууд, олон улсын болон хандивлагч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэнээс хойш улсын хэмжээнд мод сөөгний үр, тарьцын нөөцийг 4-5 дахин нэмэгдүүлж, 14.3 сая модыг тарьж арчлан ургуулж байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад чамлахааргүй үр дүн хэдий ч цаашид бид техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, инноваци технологийг нэвтрүүлэх замаар үндэсний чадавхыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.