ТАНИЛЦ: Байгаль, орчин аялал жуулчлалын яамны ажлын тайлан
“МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ЦЭЦЭГ СУМ ОРЧМЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УСЗҮЙ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ”-ЫГ СУДЛАХ СУДАЛГААГ ХИЙЛЭЭ
Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв ТББ-тай хамтран “Мянган угалзатын УТХГ-ын Цэцэг сумын районы байгаль орчин, усзүй, биологийн олон янз байдал”-ыг судлах судалгааг хамтран хийж гүйцэтгэлээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ II ХУРАЛДААН БОЛЖ, ЕРӨНХИЙ САЙД ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД БЭЛТГЭЖ ЭХЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай болох шийдвэр гаргалаа.
ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ АВИА МИКРОБИОЛОГИЙН АРГААР ТЭМЦЭХ АЖИЛ 91,6 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар авиа микробиологийн аргаар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн санд 10000 га талбай, Улаанбаатар хотын Ногоон бүсэд 3000 га талбай, Богдхан-Уулын ДЦГ-ын ойн санд 3000 га талбай, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 3000 га талбай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт сумдын ойн санд 21000 га талбай, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Баянтэс сумдын ойн санд 20,000га талбай, Архангай аймгийн Хотонт суманд 8000 га, Булган 9000 га, Төвшрүүлэх суманд 2400 га, Цэнхэр сумын ой санд 20600 га талбай 40,000 га талбайд тэмцлийн ажлыг 100 хувь гүйцэтгээд байна.
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СОШИАЛ ТҮНШ БОЛОХ ХҮСЭЛТ ТАВИВ
“Nas Daily” Үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголын аялал жуулчлалын сошиал түнш болох хүсэлт тавив.
ГАЛУУ СУДЛААЧДЫН ОЛОН УЛСЫН 20 ДУГААР ХУРЛЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Уг хурлаар Төв Азийн болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
ТӨВ АЗИЙН НҮҮДЛИЙН ШУВУУНЫ ТҮНШЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
2024 оны 2-р сард Узбекистан улсад болох НҮБ-ын Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)-ийн Талуудын бага хурлыг угтаж Төв Азийн зам санаачилгыг дэмжих, үүнд МУ-ын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор энэ удаагийн семинарыг МУ-ын БОАЖЯ, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (HSF), Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.
ШУА-ИЙН ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛУУДЫГ БОДЛОГЫН ТҮВШИНД ТУСГАЖ ХАМТРАН АЖИЛЛАНА
ШУА-ын Геоэкологийн хүрээлэнд 52 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн гаргах юм. Мөн бүхий л салбарт бодлого гаргахад эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээнд тулгуурлан хамтран ажиллана.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМЫН НУТАГТ УСНЫ НАРИЙВЧИЛСАН ТОО БҮРТГЭЛ ХИЙЖ БАЙНА
Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллав.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД ЧУУЛГАН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
Байгаль орчин аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хоёр дахь жилдээ энэхүү олон Улсын чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, мэдлэг мэдээлэл түгээх, шинэлэг санал санаачилгыг танилцуулах юм.
“ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ЭХЛЭЛИЙН СЕМИНАР БОЛЛОО
4 жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотын үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2023-2024 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын аялал жуулчлалын хөтөлбөрийн 2-оос 4 дүгээр дамжааны суралцагчдыг аялал жуулчлалын байгууллагад хийгдэж буй дадлагыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт ажилтнаар ажиллуулах хэлбэрээр зохион байгуулахаар хоёр Сайдын хамтарсан тушаал гарлаа.
"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" УРЛАГИЙН ИХ НААДМЫГ НИЙТ 41000 ГАРУЙ ГАДААД, ДОТООДЫН ЖУУЛЧИД ҮЗЭЖ СОНИРХОВ
Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд зохион байгуулагдсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдож, ирсэн зочдын сонорыг мялаав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ, БУЯНТ, БУГАТ, САГСАЙ СУМДАД ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшнийг тогтоох зорилгоор 15 цэгээс нян бактерийн, 6 цэгээс хүнд металлын дээж авлаа.
Дээжийг аймгийн Стандарт хэмжил зүйн газрын лаборатори болон Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторид хөрсний нян, бактери, хүнд металлын шинжилгээнд хамруулна.
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСЭД ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙВ
Булган аймгийн даргын 2023.05.31-ны А/453 дугаар захирамж, Булган аймгийн засаг даргатай хийсэн 2023.05.31-ний өдрийн №79/2023 тоот гэрээний дагуу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
NASSUMMIT-2023 УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО
“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод болж байна. Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна.
ХӨВСГӨЛ НУУРААС 34.7 ТОНН ТҮЛШИЙГ ТАТАН ГАРГААГҮЙ БОЛ УЛААНБААТАР ХОТЫН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫГ ХАМАРСАН ЦЭНГЭГ УСЫГ БОХИРДУУЛАХ БАЙСНЫГ АМЕРИКИЙН ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ.
Татан гаргах ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгааанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргалаа.
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
“Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2, 3, Булган аймгийн Засаг даргын 2023.03.20-ны өдрийн А/169 дүгээр захирамж, Булган аймгийн Засаг даргын 2023.04.18-ны А/271 дүгээр Ажлын хэсэг томилох тухай захирамж, Булган аймгийн Засаг даргатай 2023.04.10-ны өдөр байгуулсан 15/2023 дугаартай гэрээний дагуу Баян-Агт сумын Хануй голын энгийн хамгаалалт бүсэд орсон 7 амралтын газрын эзэдтэй уулзаж хамгаалалтын бүсийн талаар мэдээлэл хийлээ.
БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, санамж мэдээлэл бэлтгэн 853 иргэнд мэдээлэл хүргэв. Түүнчлэн сав газарт хамаарах Халх голын усны түвшний мэдээг иргэдэд тогтмол мэдээлж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Халх гол Ялалт баг орчим үертэй Халхгол сумаар олон жилийн дундаж түшингээс 11 см их байгаа тул ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж ажиллаж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамжийн дагуу хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх хүрээнд аймгийн хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, жуулчны бааз, иргэдийн ажиллуулдаг эко гэр, рашааны нүхэн жорлон, стандарт шаардлага хангасан ариун цэвэр, угаадасны нүхний тооллого зохион байгуулав. Үүнд аймгийн хэмжээнд нийтдээ 18865 нүхэн жорлон, 516 стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, 12895 угаадасны нүх тоологдсон байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
"Их алтай" олон улсын аялал жуулчлал - спортын наадам Баян-Өлгий аймгийн “Төв цэнгэлдэх”-д эхлэлээ. Тус наадам нь рафтинг, уулын авиралт, загасчлах спорт, олс таталт, мотоциклийн аяллын тэмцээн, нордик алхалт, усны аяллын тэмцээн, явган аялал, гар барилдаан, бухаша тартыс зэрэг спортын төрлүүдээр 8 өдрийн турш болно. Наадамд Монгол Улс, ОХУ, БНКазУ, БНХАУ, Беларус Улс гэсэн 5 орны төлөөлөл, баг тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж байна. “Их Алтай” аялал жуулчлал - спортын наадам нь “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн болдгоороо онцлогтой.
ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагт үүссэн хог хаягдлыг тогтмол цэвэрлэж, ариутган, зориулалтын цэгт хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд аялагчид болон ард иргэдэд хог хаягдал үүсгэхгүй байх мэдээллийг тогтмол зохион байгууллаа.
СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Аймгийн хэмжээнд ундны усны төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалт ба хориглолтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг жил бүр Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжүүлэн гүйцэтгүүлж байна. Энэ жил Түвшинширээ сумын 5 ундны усны эх үүсвэрт 10 ш самбарыг байршууллаа. Мөнххаан сумын Эко клубийн 3-н сурагч Хэнтий аймгийн Баян овоо суманд БНХАУ-ын Шанхай хотын ахлах сургуулийн сурагчид хамтдаа “Судлаач сурагч” хээрийн судалгааны гурван өдрийн турш сургалтад хамрагдлаа.
ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд баригдаж буй “Их булаг” хөв цөөрмийн ажлын гүйцэтгэлийн явцтай тус хөв цөөрмийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн “Гидро-Фонтан” ХХК-ийн захирал МУ-ын зөвлөх инженер Л.Хорлий болон Усны газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж танилцаж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Хөв цөөрмийн ажлын гүйцэтгэлийг 80 гаруй хувьтай байна гэж дүгнэсэн ба боомтын хярын өндөршилт боомтын хярыг төслийн өндөршилд хүргэн өндөрлөж нягтруулах, ус хаях сувгийн төгсгөлд чулуун хаялаг хийх зэрэг мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв.
ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хяналт шалгалтын ажлыг сайжруулах болон амьтадын мэдээлэл цуглуулах зорилгоор байрлуулсан хөдөлгөөн мэдэрдэг авто камеруудын хэвийн ажиллагааг шалгав. Камерт зэрлэг гахай болон гөрөөс буга зэрэг амьтад бичигдсэн байна. Мөн анхааруулах болон хориглох самбарын бүрэн бүтэн байдлыг давхар шалгаж ажиллалаа. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар хариуцсан хэсгүүддээ хуваарийн дагуу тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж, холбогдох мэдээ тайланг хугацаанд нь ирүүлэн ажиллаж байна.
ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт мал, мах, нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар баригдаж буй Ж.Арцзэд захиралтай "Зүрх хайрхан" ХХК-ийн барилгын ажлын явцтай танилцаж Усны тухай хууль, ус бохирдуулсны тухай хуулийг сурталчилж, Усны тухай хуулийн 22 зүйлийн 22.2.1, 22.2.2, 22.2.3, зүйл заалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, бохир усны цооногийг стандартын шаардлагад нийцүүлэн барих заавар зөвлөгөө өглөө.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох хээрийн хэмжилт, судалгааны ажлын хүрээнд “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Булган аймгийн Засаг даргын 2023 оны А/169 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Булган аймгийн Засаг даргатай байгуулсан 34/2023 дугаар гэрээт ажлын суурин боловсруулалтын хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай, Рашаант, Баяннуур, Дашинчилэн сумдын нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн зураглалд хээрийн хянан баталгаажуулалт хийж ажиллалаа.
ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Амарбаяр байгаль хамгаалагчийн хамт Цогцолборт газрын Тэгш, Рашаант хэсгүүдэд 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Түүх соёлын дурсгалт газрын судалгааг 08 дугаар сарын 14-16-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Удирдамжийн дагуу үлдсэн 3 хэсэгт уг судалгааг хийнэ. Мөн тус хэсгүүдэд байгалийн дагалт баялаг түүж буй болон рашаан амралтын газарт амарч буй иргэдэд нэвтрэх тасалбар тасалж, гарын авлага материал тарааж ухуулга сурталчилгаа хийлээ.
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Тэрбум модны хүрээнд аймгийн хэмжээнд тарьж ургуулж буй мод бутыг услах, арчлах, хамгаалалтыг сайжруулах ажлыг идэвхтэн байгаль хамгаалагч, байгаль хамгаалагчид өдөр тутам хийж гүйцэтгэж байна. Гэр бүлийн ойн төгөл, чимээгүй хотын ойн зурвас зэрэг газруудад календарчилсан төлөвлөгөөний дагуу 26 тн усаар зуны усалгааг Сум дундын ойн ангитай хамтран хийж гүйцэтгэлээ.
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газруудаас ангилал тогтоолгохоор Орхон аймгийн авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын Авто тээврийн үндэсний төвийн шинжээчээр ахлуулсан ажлын хэсэг авто засварын газруудад үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тус шалгалтаар хүсэлт өгсөн авто засваруудын авто үйлчилгээ, орчны тохижилт болон баримт бичигт дүн шинжилгээ хийж, ажлын хэсгээс 10 авто үйлчилгээний салбарт үл тохирлын гэрчилгээг гаргуулахаар санал хүргүүлэн ажиллалаа.
БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
“Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь” сэдэвт Хятад, Монгол улсын ШУ-ын академийн хамтарсан судалгааны ажлын хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд болов. Ус судлалын 7 харуулын мэдээг өдөр тутамд мэдээлж байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ЗГХА Ойн газраас Дархан-Уул аймгийн ойн сан бүхий сумдын 82.0 мянган га ойн санд ой зохион байгуулалтын хээрийн хайгуул судалгааны ажил гүйцэтгэлээ. Улсын төсвийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ой зохион байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Аглаг ой” ХХК, “Мөнх жаргалант ой” ХХК-ийн инженер техникийн ажилчид хээрийн хайгуул судалгааны ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан байна. Захиалагч талаас хээрийн хайгуул судалгааны ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Булган аймгийн Баян-Агт, Булган, Сайхан суманд Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн тэмдэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хануй голын сав газрын захиргаа усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн ажлыг Булган суманд зохион байгуулж усны эх үүсвэрт 14, усны сан бүхий газарт 27, нийт 41 тэмдэг, самбар байршуулж суманд хүлээлгэн өгөв.
УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ажлын хэсэг тусгай зөвшөөрлөөр ан агнах 3 агнуурын бүс нутгийн 3 ангийн отогт хяналт хийж, 5 нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн тарвага агнах, сонгино түүж, хууль бус үйлдэл гарах эрсдэл өндөр Ховд сумын Гэдрэг, Хужир,Хондлой, Агсгал, Шар дэл, Улаан сай, Бөхмөрөн сумын Улаан эрэг, Цалгар, Банзар, Хорт, Сагил сумын Бураат, Харгайт, Цагаан гол, Мэргэн, Зүүн бэл зэрэг газруудад хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд гарсан зөрчил бүртгэгдээгүй байна. Хяналтын шалгалтын хүрээнд Түргэн сумын ойн ангийн боловсруулсан сумдын ойн менежмент төлөвлөгөө боловсруулж буй үйл явцтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын албан даалгавар, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.3.2 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Ховд аймгийн Цэцэг сумын Хуримт, Хужирт, Ангиртын гол дагуух зуслангийн бүс нутгийн ахуйн хог хаягдлыг нутгийн ард иргэдтэй хамтран цэвэрлэн булж устгалаа.
ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын зааг Тэсийн голын хөвөөнд зохион байгуулагдсан “Тэсийн голын нүүдэлчид-2023” Өв соёлын наадамчин олонд Монгол Улсын Усны тухай хуулийг сурталчлан таниулж, Хог хаягдал болон ариун цэврийн байгууламжид хяналт тавьж ажиллалаа.
20. ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Харганат, Тултын тохой зэрэг жуулчны баазуудаар хяналт шалгалт хийж хаягдал усны дүгнэлт гарган иргэн, ААНБ-уудад мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллав. Иргэний гаргасан гомдлын дагуу Мөрөн сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн урд талбайд очиж бодит байдалтай танилцан зураглал гарган ажиллалаа.
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ЗГХА Ойн газрын захиалгаар “Монголын ойн тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ-тай хамтран Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Жаргалант сумдын ойн сан бүхий газарт ойн хортон шавжийн судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Мөн хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох хяналт шалгалтуудыг Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут сумдад зохион байгуулж, хууль бусаар тарвага агнасан 3 зөрчил, шонхор шувуу агнахаар завдсан 1 зөрчлийг тус тус илрүүлж, зөрчил үйлдсэн иргэдэд торгууль ноогдуулж,байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, 36 тарвагыг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллалаа.
ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгалийн цогцолборт газрын бэлчээрийн ургамлын төлөв байдлыг тодорхойлж, судалгааг олон жилийн судалгааны үр дүнтэй харьцуулж, түүнийг үндэслэн бэлчээр ашиглалтыг зохицуулах зорилгоор бэлчээрийн болон татмын ойн ургамлын судалгаа 10 дахь жилдээ хийгдэж байна. Уг судалгааг цогцолборт газрын байнгын 18 цэгт батлагдсан аргазүйн дагуу хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хамтран хийж байна. Одоогоор тус ургамлын судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Өмнөговь аймгийн Засаг даргын А/479 дугаартай захирамжийн дагуу байгуулагдсан “Усны сан бүхий газар, усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн тогтоох” ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг 15 сумдад эх үүсвэрийн худаг болон булаг шанд, нуур тойрмын хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг хийж гүйцэтгэлээ.
ОРХОН-ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны рашааны орчимд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН-үүдийн ус ашиглалтын байдал Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд орон нутагтай хамтарсан хяналт шалгалт хийлээ. Мөн Халуун усны гол, рашаан, ААН-үүдийн хаягдал уснаас сорьц авч шинжилгээнд хамруулав.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын баталсан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 02, 03, 04 албан даалгаврын холбогдох заалтын хэрэгжилт болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтийг шалгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 42 байгууллагад зохион байгууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам