
110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Энэ жил хотын хэмжээнд 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсэж, нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Энэ залуучууд 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээ аваад ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд хур тунадас ихтэй байгаагаас халиа тошин үүсэх, хөрсний ус гарах тохиолдлууд ихсэж байна. Зарим газарт 2-3 метрээс хөрсний ус гарах тохиолдол ч байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад байгаа айл өрхүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөр газарт нүүж суурьших нь зүйтэй.
Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Геодези, усны барилга байгууламжийн газрын залуус болон дүүргүүд дэх онцгой байдлын хэлтсийн алба хаагчид мөс ухаж, шуудуу ухаж, аюулыг түр холдуулж байгаа. Бид цаашид эдгээр эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдэд аюулгүй бүсүүдэд нүүлгэн шилжүүлэх, тухайн бүсэд үерийн далан суваг, шуудуу бэлтгэх, одоо байгааг засаж сайжруулах ажлыг хийнэ. Жил бүр мөс ухаад, суваг шуудуу татаад байж таарахгүй” гэсэн юм.