Түр биш бүр хашаа, эвдэрсэн биш бүтэн хашаа хэрэгтэй!
Төрийн тусгай хамгаалалттай, усны сан бүхий онцгой объект оршдог, Монгол Улсын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газар нутаг, иргэд, байгууллагын хөрөнгөөр тарьсан 200 мянган модыг түр биш бүр хашаагаар, эвдэрсэн биш бүтэн хашаагаар хамгаалах ажлыг 2014 оноос хойш төлөвлөж 2022 оноос эхлээд буй.
Энэ хүрээнд Газрын тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрхзүйн актууд болон "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу хотын онцгой хамгаалалтын бүсийг хамгаалах, усны эх үүсвэрт гаднын хүн, мал амьтны хөдөлгөөн, авто тээврийн болон зөөврийн бусад хэрэгслийг нэвтрүүлэхгүй, газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулахгүй, мод бут огтлох, хугалахаас урьдчилан сэргийлэх үүднээс Хамгаалалтын хашаа зайлшгүй шаардлагатай.
“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ НЬ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
Иймд 2014 онд батлагдсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/212 дугаар захирамж, Нийслэлийн хөрөнгөөр Маршалын гүүрнээс эхлээд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн оффисын байр хүртэлх баруун болон хойд талын 2200 метр түр хашааг стандартын дагуу Хамгаалалтын хашаагаар шинэчиллээ.
Сольж буй түр хашаагаа зүүн тийшээ шилжүүлэн барьж мал амьтны хөлөөс тарьсан мод, усны эх үүсвэрээ хамгаалахаар хамгаалалтын бүс үүсгэх ажлыг эхлүүлээд байна.