МАН-ын гишүүд цацраг идэвхт бодис оруулж ирэхийг дэмжиж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.03.31

МАН-ын гишүүд цацраг идэвхт бодис оруулж ирэхийг дэмжиж байна

АН-ын бүлэг өчигдөр  хуралдаж, цөмийн асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэй. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн юм.

Хурлын эхэнд Б.Гарамгайбаатар “Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх нь нэгэнт улстөржөөд байгаа тул энэ асуудалтай зэрэгцээд шинэ хуулийн төсөл оруулж ирэх нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн.

Ингээд хуулийн төсөл өргөн барих чиглэлийг Засгийн газарт өглөө. Тодруулбал, Аливаа улсын ашигласан түлш болон бусад цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыгхориглох тухай хуулийн төслийг оруулаад зэрэгцүүлээд батлуулах юм.

Өнөөдөртөө (өчигдөр) багтаад Засгийн газар дээрх хуулийн төслийг өргөн барина.

Үүний дараагаар ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх, нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаа эсэхийг хайгаад боломжтой бол энэ асуудлыг оруулах юм. Үүний дараа хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв МАН-ын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхт бодис оруулж ирэхийг дэмжиж байна гэж үзэх магадлалтай гэдгийг онцолмоор байна” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс бол цөмийн байгууламжтай хоёр орны дунд байгаа. Энэхүү хуулийн төслийг баталснаар энэ чиглэлийн бүхий л мэдээллийг бид авдаг болно. Мөн боловсон хүчнээ бэлтгэдэг болох юм. Ингэснээр цөмийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хангах боломжтой болно.

УИХ-аас тогтоол гараад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр конвенцид нэгдэн орох хуулийн төслийг өргөн барьсан. Соёрхон батлах асуудлууд байгаа болохоос ээлжит бус чуулганыг ашиглаад цөмийн хаягдлыг импортлох гэж байна хэмээн ташаа мэдээлэх нь зохимжгүй" хэмээж байв.