“Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа  боллоо
2025.05.06

“Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа  боллоо.

Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Говийн болон Хангайн бүсийн гишүүд, төслийн бүтээн байгуулалт хийх аймгийн Засаг дарга нар оролцлоо.

  • Аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийн оролцоотой, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар ЭКОЛОГИ, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Энэ нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалах түүхэн ач холбогдолтой бидний үүрэг юм.
  • Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой гэсэн судалгаа гарсан.
  • Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.