Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төсөл дэмжигдлээ
2018.05.24

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төсөл дэмжигдлээ

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна.

    Гэвч уг хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсны зэрэгцээ хуулийн хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, мөн хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх шаардлага үүссэн зэргийг харгалзан энэ хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуулийг баталсан.

Ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар төсөвт аливаа төрлийн дарамт үүсэхгүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын төсөвт тусгагдсан төсвийн мал үржлийн ажил, үйлчилгээний зардлаас бусад хэсэг нь Мал эмнэлгийн ерөнхий газарт хэвээр үлдэх юм гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.

ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ыг гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 5 сарын 22-ны өдөр хуралдан, шинээр байгаалагдах агентлаг, түүний нутагт дахь нэгжүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь анхнаас нь зөв, үр өгөөжтэй явуулахад өмнөх үеийн тогтолцоо, туршлагыг сайн судалж санаа авах нь чухал гэдгийг сануулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийг дэмжсэн байна.