Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.29) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан шинээр байгуулагдах агентлагийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоо баримтыг лавлаж тодруулсан юм. Салбарын сайд энэ талаарх хариултдаа, шинээр байгуулагдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар энэ агентлагийг байгуулах юм. Одоо тус төв нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлээр цалинждаг 31 ажилтантай. Төвийн дэргэд Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт үйлдвэрийн газартай, эдгээрт 90 хүн ажилладаг.
Төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өөрчлөн зохион байгуулагдсанаар алслагдсан баг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалт, хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж салбар дундын үйл ажиллагаа өргөжин, чанар нь дээшилж дотоод, гадаадын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байгааг хэллээ.
Сайдын хариултаас үзэхэд Үндэсний статистикийн газрын мэдээгээр 2017 оны байдлаар манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 130600 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй гэсэн мэдээлэл байдаг аж.
Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн юм.