Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна
2018.05.24

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн  ерөнхий газар байгуулах тухай тусгажээ.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103.630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу амьдарч, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь ньхөдөлмөр эрхэлж, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд  Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан.

Тус хуулийн 40 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөнуг хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар тооцжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар  нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна. 

Агентлагийг байгуулснаар 2018 онд нэмэлт орон тоо шаардагдахгүй аж. Аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм.

Тогтоолын төслийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.