Цар тахлаас сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хянах түр хороог байгуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.13\ хуралдаанаар, COVID-19 цар тахалтай холбогдуулан баталсан хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороо байгуулав.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар хуульд заасан.
Энэ үндсэн дээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, түр хорооны гишүүдэд: Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн төлөөлөл О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ШИНЭ намын зөвлөлийн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.