Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Хууль болохгүй байна гэж буруугаа тохдог. Үнэндээ хууль гүйцэтгэж байгаа хүнээсээ л шалтгаалдаг. Ялангуяа өнөөдөр хэлэлцэж байгаа тендэртэй холбоотой ажил зохион байгуулаж байгууллагын ажил бол хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой. Үнэхээр сайн байсан бол улс орон даяар өчнөөн их наядын зам, дэд бүтэц, барилгын ажил ийм чанаргүй байхгүй байсан. Нэг жилийн тухай асуудал, нэг их хурлын бүрэн эрхийн асуудал биш 2000 оноос хойш хийсэн ажлыг хэлж байна. 50км зам тавьсан. Чанаргүй байсан. Түүнийг зассан төсвийн хөрөнгө дахиад 50 км зам тавих хэмжээний хөрөнгө зарцуулсан.
Би сая Дорнод аймаг явж ирсэн. Хэнтий аймгаас цааш Дорнод, Сүхбаатар аймгийн Түмэнцогт хүрч байгаа замыг үзээрэй. Тэнд хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгө хохирч, аймшгийн зам болгосон байна. Энэ худалдан авах ажиллагааг намын тавиулууд, улс төрчийн шахааны хүмүүс л хийсэн. Ажил нь урагшилдаггүй. Хувь иддэг. Энэ ил тод бус байгаа учраас хүний оролцоогүйгээр цахимаар хийдэг болох нь зүйтэй.
Жил бүр улсын төсөвт хэдэн төгрөг төсөв баталж хувиарладаг. Тэр нь тухайн жилдээ ашигласан ч үр дүнгүй. Ашиглаж чадахгүй зарим хэсэг ч бий. Сум орон нутагт ажил хариуцсан хүн дээр очихоор бид оролцоогүй гээд суудаг.
Бид олон жил Хар жагсаалт гаргах тухай ярьж байна. тендерийн ажил хувьчлаад авсан улс төрч, хүмүүсийн гарт байдаг. Хэзээний Хар жагсаалтад орох компаниуд тендерт ороод мөнгө аваад л яваад байдаг. Энийг яах вэ?
Бид олон ярьж байна. Нийтлэг соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг зэргийг жишиг зурагтай болгоё гэж. Гэтэл энэ ажил салбар яамдууд дээр явахгүй байна. Нэгдсэн шаардлага бол зураг төсөл шаарддаг. Үүнийг нь орон нутгийн сургууль ч юм уу цэцэрлэгийн эрхлэгч ч юм уу хаана хэнээр хийлгэсэн нь мэдэхгүй юм бариад ордог. Тэр ямар өөдтэй юм болох вэ дээ. Ингээд төсвийн мөнгө үр дүнгүй болоод байна.
Архитектор, зураг хийж байгаа хүмүүс шинэ шатанд гарах цаг болсон. Сэтгэлгээ нь бүр хөгжихгүй болжээ."