Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцээн боловсруулах, уялдааг хангуулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гүйцээн боловсруулсан 4, төслийн зүйл, хэсэг, заалтын уялдааг хангахтай холбоотой 4 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан болно. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсэгт хандан бичгээр санал ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авлаа. Хууль тогтоох, хянан шалгах, төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх парламентат ёсыг боловсронгуй болгох зохицуулалтыг хийсэн болохыг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх механизмийг сайжруулах, чангатгах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг тусгасан талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Ингээд зармын зөрүүтэй 10 саналын томёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-т заасны дагуу гүйцээн боловсруулсан дараах 4 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нь тамга, тэмдэг, бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн “Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно.” гэснийг “Улсын Их Хурлын бэлгэ тэмдэг, оноосон нэртэй адил утга, агуулгатай бэлгэ тэмдэг, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.” гэж өөрчлөхийг гишүүдийн 74 хувь нь дэмжсэн. Төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэснийг “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэж, мөн зүйлийн 5.6 дахь хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг” гэснийг “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн зүйлийн 5.5 дахь хэсгийн “мэдээлэхдээ” гэсний дараа “Улсын Их Хурлын цахим хуудсанд болон” гэж нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 нь дэмжлээ. Төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэснийг “Нийгмийн бодлогын” гэж тус тус өөрчлөхийг гишүүд 74 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь найруулгын саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 буюу 74 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолуудыг гишүүдийн олонх дэмжин баталлаа.