Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
"Нэг байгуулаад л татан буулгаад эргэж байгуулаад л хөлөө олохгүй бужигнаад байна. 2019.03.22-д төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг шинэчлэн баталсан. Үүнд Засгийн газрын худалдан авах ажиллагааны төр төв байгууллага хэрэгжүүлнэ гэж баталсан. Тэр үед заавал тусдаа агентлаг байгуулах хэрэггүй бус уу гэдгийг хэлсэн ч гарцаагүй байх ёстой гэж олонхиороо шийдсэн. Одоо байгуулах гэж байна.
Миний асуулт бол, Агентлаг байгуулья. Яагаад заавал Ерөнхий сайдын дэргэд байгуулах гээд байгааг би гайхаад байна. Ерөнхий сайд худалдан авалтын ажилд хутгалдахаас илүү том ажил тэр хүнд бий. Энэ хзний дэргэд Тагнуулын ЕГ л байгаа. Бусад нь салбарын сайд нартаа харьяалагдаад явдаг. Одоо Ерөнхий сайдын дэргэд худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой асуудлыг аваачихаар энэ асуудалтай тэр хүн хутгалдаад явах нь зөв үү? тийм цаг бий юу? Яагаад Сангийн яам дээр байж болдоггүй юм. Аргаа барахад Шадар сайдын дэргэд байж болохгүй юу?"