Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төсөлд, Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ. Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.
Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг олонх дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.