Ж.Ганбаатар: Хөдөлмөрийн насны иргэдийн 20 хувь нь төрийн албанд ажиллаж байна
Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.
Ж.ГАНБААТАР: ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ДЭЭД ХУВИЙГ 12 ГЭЖ ТОГТООХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
МУ-ын хөдөлмөрийн насны иргэдийн тоо 1 сая 250 мянга байна. Төрийн албанд ажиллаж байгаа иргэд 180 мянга байна. Төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа хүмүүсийг нэмэх юм бол 240мянган хүн төсвөөс цалинжиж байна. Бизнес эрхлэгч нар сар болгон энэ хүмүүст цалинг нь өгдөг.
1 сая 250 мянган хүнээс хувилаад үзэх юм бол 20 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа нь төрийн алба данхайсан бүтэцтэй байгаа нь харагдаж байна.
МУ-тай хүн амын тоогоор ижил Израйл улсыг харахад 9-10 хувь л байна. Хүн ам ихсэх тусмаа бага байдаг.
Төрийн албаны тухай хуулинд хөдөлмөрийн насны иргэдийн тоотой харьцуулаад 12 хувиас ихгүй байлгах саналыг оруулъя. Энэ боломж байгаа юу? 12 хувь болвол 150 мянган хүн болно.
Д.ТОГТОХСҮРЭН: ШУУД 12 ХУВЬ ГЭЖ ЗААХ БОЛОМЖГҮЙ. ГЭХДЭЭ ТООГ БАГАСГАХ ЗОРИЛТ ТАВЬЖ ЯВАХ ЁСТОЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА
Ер нь манай төрийн алба хэтэрхий данхайсан, нүсэр бүтэцтэй гэдэгтэй санал нийлж байна. Төрийн албан хаагчдын тооны тухайд 2013 оноос хойш огцом нэмэгдсэн. 2013-2016 оны хооронд 25,000 төрийн албан хаагч нэмэгдсэн.
Гэхдээ энэ тоо харьцангүй ойлголт юм. Улстөрийн албан хаагч 3,000 гаруй байна. Төрийн захиргааны албан хаагч нар 16,000 орчим байна. Төрийн тусгай албан хаагч 37,000 байгаа. Үлдсэн 130,000 гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм.
Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил хийгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын орон тоо нэмэгдсэн.
Шууд 12 хувь гэж хуулинд тусгаж болохгүй байгаа юм. Харин төрийн албан хаагчдын тоог багасгах тодорхой зорилт тавьж явах ёстой гэдэгтэй санал нэг байна.
Ж.ГАНБААТАР: ДАНХАЙСАН БҮТЭЦТЭЙ ГЭДЭГТЭЙ ХҮН БҮР САНАЛ НЭГДЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ДЭЭД ХЯЗГААРЫГ НЬ ТОГТООХ ЁСТОЙ
Төрийн алба данхайсан байна гэдгийг бүгд ярьж байгаа бол дээд хязгаар тавьж өгөх нь зөв. Би төрийн үйлчигээг яриад хэрэггүй гэж хэлсэн.
Энэ хуулийг Д.Тогтохсүрэн гишүүн ахалж, маш нарийн зүйл заалт оруулж ирсэн байна. Хуулинд ийм нарийн заалтууд оруулсан шигээ эдийн засаг, бизнестэй холбоотой хуулиудад няхуур хандахыг хүсье. Энэ хууль бол маш нарийн хууль байна.