2022.10.27
Н. Наранбаатар: Сумын ЗДТГ-т байгаа сул орон тоог нөхөхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ
УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Хөдөө орон нутаг суманд Засаг даргын тамгын газарт ажиллах төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч олдохгүй, олон сул орон тоо бий болж байгаа. Энэ нь үнийн өсөлт, гол орлого болох цалинтай холбоотой.
Засгийн газраас хөдөө орон нутагт ажиллах сэдлийг төрүүлэх, идэвх урам өгөх зорилгоор хууль санаачлаад өнгөрсөн хаврын чуулганаар аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа ОБЕГ, ШШГГ-ын албан хаагчдад 5 жил тутмын урамшуулал олгодог байхаар болсон. Одоо сумын тамгын газар ажиллаж байгаа ТЭЗ-ийнхэнд урамшуулал олгодог болгох зэргээр, төсөв дагаж орж ирсэн төрийн албаны тухай хуулиар орон нутгийн нэмэгдэл 80 хүртэлх хувийг олгох, 20 хувийн нэмэгдэл ТЭЗ-д олгох гэх мэтчилэн нэлээн арга хэмжээ авч төвлөрлийг сааруулах, хөшүүргүүдийг хэрэглэж байна.
Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлөөс ялангуяа хөдөө орон нутаг, сумын тамгын газрын ТЭЗ, байгаль орчны байцаагч нараас Улаанбаатарт авдаг төрийн албаны шалгалтыг ижил хэмжээн авдаг болсноос бодлого чинь хэрэгжихгүй байна. Маш олон орон тоо сул хэвээрээ байна. Үүнийг дагаад иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх асуудал үүсэж байгаа юм.
Яг өнөөдрийн байдлаар сумын ЗДТГ-т хэчнээн сул орон тоо байна вэ? Энэ орон тоог нөхөхөд ямар арга хэмжээ авах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.