УИХ-ын чуулганы \2022.07.01\ өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Төрийн албанд мэргэжлийн буюу үндсэн зарчим болох /мерит/ зарчмыг хэрэгжүүлэх үүднээс салбартаа олон жил ажилласан хүмүүсийг төрийн захиргааны албанд ажиллуулах боломжийг нээж өгөх талаар уг хуульд тусгаж байгаа. Хуучин эрүүл мэндийн салбарын сайн боловсон хүчин бэлтгэхийн тулд сумын эмчээс нь эхлээд аймгийн эмч, цаашдаа төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн яам гэж татаад шат шатанд нь ажиллуулж төрийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг бодлого байсан. Өнөөдөр ямар хүндрэл үүсээд байна гэхээр төрийн захиргааны алба руу нэг л орсон бол хийсээр байгаад дуусдаг. Эрүүл мэндийн төрийн захиргааны алба руу орсон бол эмчээр ажиллаж байгаагүй хүн ч гэсэн тус салбарын бодлого тодорхойлох хэмжээнд хүрдэг.
Жилд нэг удаа төрийн албаны шалгалт авна гэж боомилсон байсан. Үүнийг нээлттэй болгож улиралд нэгээс доошгүй улсын хэмжээнд шалгалт авах хэрэгтэй. Ер нь яам, төрийн захиргааны байгууллагын салбар зөвлөлүүд орон тоо гарсан бол төрийн албаны зөвлөл нь шалгуур, шаардлага хангасан хүмүүсээс шалгалтаа аваад орон тоогоо нөхөөд явах хэрэгтэй. Өнөөдөр төрийн алба түр үүрэг гүйцэтгэгчдийн төрийн алба болчихсон.