С.Чинзориг:

Төрийн албан хаагчийн шалгалт хууль бус боллоо гэхэд хаана, хэнээр шийдүүлэх вэ гэдэгт л асуудлын гол байна


8 минут уншина
С.Чинзориг: Төрийн албан хаагчийн шалгалт хууль бус боллоо гэхэд хаана, хэнээр шийдүүлэх вэ гэдэгт л асуудлын гол байна
УИХ-ын гишүүн С.Чинзориг

Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа. 

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлага юу байв?

1995 онд Төрийн албаны тухай хууль батлагдсан байдаг. Уг хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Энэ удаад УИХ-ын нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн барьсан. Хуулийг шинэчлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага бий.

Сүүлийн жилүүдэд УИХ-ын сонгуулийн үр дүнд Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин нь төрийн албыг тогтворгүй болгодог, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нэрийдлээр нилээд хөдөлгөөнд оруулдаг. Энэ нь эргээд төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчмыг алдагдуулж байгаа юм.

Хамгийн гол нь төрийн алба тогтворгүй, мэргэшсэн бус байснаас болж төр хүчгүйдэх, иргэдийн төрд итгэх итгэл сулрах зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх тусмаа төрийн бодлого, шийдвэр тэр хэрээр шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилсан, хуульд нийцсэн байдаг. Түүнийгээ дагаад төр хүчирхэгжих, иргэдийн төрд итгэх итгэл батжина.

Төрийн алба тогтворгүй, мэргэшсэн бус байх тусмаа төрийн бодлогын залгамж чанар алдагддаг.

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, тохиолдлын шинжтэй хүмүүс төрийн албанд томилогдон ажилласнаар төрийн алба чадваргүй болдог зэрэг олон асуудал үүссэн. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн.

Нөгөө талаар төрийн албыг улс төрөөс хараат бус болгох зайлшгүй шаардлага бий. Сонгуульд ялсан нам нь Засгийн эрхийг авснаар яамдын бүтэц, орон тоог бужигнуулдаг. Улс төрийн албан тушаалтан өөрөө төрийн захиргааны албан хаагчийн тодорхойлолтыг гаргадаг. Үүнээс улбаалан тухайн ажлын байранд ямар ур чадвар, дадлага туршлагатай, мэргэшсэн хүн ажиллуулах талаар эрэлхийлэхээс илүүтэйгээр миний ойр дотно хүрээлэлд ажилд орох шаардлагатай хүн хэн байна, намаас ажлын байр олж өг гэж шахаж, шаардаж байгаа хүн хэн байна гэдэг.

Ингээд тухайн хүнд л тохирсон ажлын байрны тодорхойлолт гаргадаг нь төрийн алба тогтворгүй, мэргэшсэн бус байгаагийн нэг шалтгаан болж байна. Тиймээс төрийн албыг аль болох улс төрөөс хараат бус, бие даасан байлгах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм.

Мөн төрийн захиргааны албан хаагч шат ахин дэвшдэг байх тогтолцоо бий болгох хэрэгтэй. Мэргэшсэн бус албан тушаалтнууд төрийн байгууллагыг удирдахаар төрийн залгамж алдагдаад байна. Тиймээс уг шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албанд ажиллаж байгаа хүн заавал шат ахиулан дэвшдэг байх зарчмыг тусгаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга бол заавал тухайн яамныхаа хэлстийн даргаар ажиллаж байсан хүн байх ёстой. Газрын дарга бол ахлах мэргэжилтэн байх ёстой зэрэг шат ахиулан дэвшдэг байх зарчмыг хуульчлахыг зорьж байна.

Төрийн албаны зөвлөлийн бие даасан байдлыг дээшлүүлэх, улс төрөөс хараат бус болгох шаардлага байна. Энэ ч үүднээс тус зөвлөлийн хяналтын чиг үүргийг өргөжүүлэхээр хуулийн төсөлд заасан. Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, өөр албан тушаалд томилсон, чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Төрийн албаны зөвлөлд өгөхөөр тогтсон. Энэ мэт зарчмын томоохон олон өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байна.

Төрийн албыг тогтвортой байлгах тал дээр ямар тодорхой зохицуулалт оруулж өгсөн бол?

Үүний өмнө Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт тогтвортой байх нь чухал. Бүтэц тогтворгүй байснаар сонгууль болгоны дараа яамдыг өөрчлөн байгуулдаг. Засгийн газрын бүтэц тогтвортой байвал төрийн алба тогтвортой байх үндэс бүрдэнэ гэсэн харилцаа уялдаатай асуудлыг ид ярьж байна.

Яг одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал гол сэдэв болж байна. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол Засгийн газрын яамдын тоо, нэрийг хуульчилж өгье гэж шийдсэн.

Нөгөө талаар зөвхөн бүтэц биш зохион байгуулалт ч төрийн албыг тогтвортой байлгахад тодорхой нөлөөлдөг. Засгийн газрын сайд нар яамдын зохион байгуулалтыг дур зоргоороо өөрчлөх нь бий. Үүнийг таслан зогсоох ёстой. Хэрэв ингэж чадвал төрийн алба тогтвортой байх нэг нөхцөл бүрдэх юм.

Дараагийн нэг гол асуудал бол төрийн албан хаагчийн тодорхойлолтыг улс төрийн албан тушаалтан гаргадгийг болиулна. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны нийтлэг нөхцөл шаардлагыг хуульчилна.

Мөн төрийн албан хаагчийг шат ахиулан дэвшүүлдэг зарчим нь төрийн албыг тогтвортой байлгахад чиглэсэн бас нэг зохицуулалт юм.

Зарим судлаач уг хуулийн төсөлд концепцийн маш том алдаа байна гэх юм. Тэр нь Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг Засгийн газар томилдог болох нь гэж байна л даа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

Одоогийн хуульд Төрийн албаны зөвлөл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан ажлын байрны тодорхойлолтод нийцүүлж, сонгон шалгаруулалт явуулан, тэнцсэн иргэдийг эргээд Засгийн газарт санал болгодог тогтолцоо үйлчилж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хяналтын чиг үүрэг рүү нилээд чиглүүлэх талын зохицуулалт орсон. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт хууль бус явагдсан эсэхийг хянах эрх нь Төрийн албаны зөвлөлд бий. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөн бол шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон.

Ингэж тус зөвлөл хяналтын чиг үүргийг түлхүү хэрэгжүүлдэг болох юм бол төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зөв үү, буруу юу гэдэг асуудал урган гарсан. Нэг гараараа төрийн албан хаагчийн шалгалт явуулдаг, нөгөө гараараа ажилд томилсон, халсан шийдвэрийг хүчингүй болгох нь хэр оновчтой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэ ч үүднээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь төрийн албан хаагчийн шалгалтыг зохион байгуулдаг байх нь зөв гэж үзээд хуулийн төсөлд тусгасан юм. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ ЗГХЭГ төрийн албан хаагчийн шалгалтыг авдаг байх нь зарчмын томоохон маргаан дэгдээх, уг хуулийн төслийг гацаах үндэслэл болохгүй байх гэж бодож байна.

Одоогийн тэр хэлбэрээр буюу Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдагаараа зохион байгуулж болно. Энэ нөхцөлд төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг ЗГХЭГ гаргана. Мэдээж төрийн захиргааны албан хаагчид тавих нийтлэг нөхцөл шаардлагыг хуульчилна. Харин тусгай нөхцөл шаардлагыг ЗГХЭГ гаргана гэсэн үг.

Энэ тогтолцоогоор явлаа гэхэд ЗГХЭГ-ын гаргасан ажлын байрны тусгай нөхцөл шаардлагыг өөрчлөх эрхийг Төрийн албаны зөвлөлд өгөх ёстой. Ингэснээр талуудын оролцоо тэнцвэртэй байна гэж үзэж байна. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн шалгалт явуулдаг үүргийг үлдээж болно.

Ингэлээ гэхэд нэг асуудлыг зохицуулах хэрэгтэй. Тэр нь юу гэвэл Төрийн албаны зөвлөл шалгалт авлаа. Тухайн шалгалт хууль бус болсон гэж үзвэл гомдлоо хаана гаргах вэ, хэн шалгаж, шийдвэрлэх вэ гэдэг асуудал урган гарна. Хэдийгээр тус зөвлөл хяналтын чиг үүргийг давхар хэрэгжүүлж байгаа боловч өөрийн авсан шалгалтыг хууль бус гэж үзээд хүчингүй болгоно гэвэл утгагүй. Магадгүй шүүхээр шийдвэрлүүлж болно.

Гэхдээ ЗГХЭГ төрийн албаны шалгалтыг авч, хяналт тавих чиг үүргийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлэх нь илүү ойр дөхөм гэж үзсэн хэрэг. Шүүхээр шийдвэрлүүлэх нь гэвэл процессын хувьд удаашралтай байх болов уу.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн авсан шалгалтыг хууль бус гэж үзвэл хаана, хэнээр шийдүүлэх вэ гэдэг асуудлаар нэгдсэн байр сууринд хүрчихвэл асуудалгүй гэж үзэж байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзсэний үндсэн дээр оновчтой шийдэл хүрч чадах байх.

ЗГХЭГ төрийн албаны шалгалтыг явуулн гэхээр Удирдлагын академи энэ ажлыг гардаж хариуцах байх. Нөгөө талаас бодит байдалд Төрийн албанын зөвлөл Засгийн газрын явуулсан шалгалтыг хууль бус гэж үзээд хүчингүй болгоно гэж байхгүй гэж үзэх хүмүүс ч байна?

Нэгд, одоогийн хуульд Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй.

Хоёрт, улс төрийн албан тушаалтан буюу ЗГХЭГ-ын гаргасан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрх Төрийн албаны зөвлөлд бас байхгүй.

Тэгвэл уг шинэчилсэн найруулгын төсөлд энэ хоёр эрхийг Төрийн албаны зөвлөлд олгоё гэж байгаа юм. Ингэснээр тус зөвлөлийн хараат бус, бие даасан байдал нилээд дээшилнэ гэж бодож байна.

Одоо бол ЗГХЭГ-аас яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өглөө гээд тухайн тодорхойлолт хуульд нийцэж байна уу, үгүй юу, оновчтой шалгуур, үзүүлэлтүүд мөн эсэхийг хянах, өөрчлөх эрхгүй.

Зөвхөн улс төрийн албан тушаалтны гаргасан тодорхойлолтод нийцсэн хүнийг бүртгэж, шалгалт явуулж, тэнцүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын өгсөн захиалгыг гүйцэтгэгч нь Төрийн албаны зөвлөл болчихоод байгаа юм. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Засгийн газар бол төрийн албан хаагчид ажил олгогч. Тийм учраас гол менежерийн үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг. Мөн төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх чиг үүрэг зайлшгүй ЗГХЭГ-т байх ёстой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Удирдлагын академидаа түшиглэн төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх тогтолцоо руу орох ёстой гэж үзэж байна.

Одоогоор зарчмын зөрүүтэй бодитой санал гараагүй байна гэж ойлгож болох уу?

Энэ хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийхээр зэхэж байна.

Одоогоор зарчмын зөрүүтэй саналуудаа томьёолж гаргаагүй байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналаа томьёолж, Төрийн албаны зөвлөл болон ЗГХЭГ-ын чиг үүргийг нарийн тодорхойлж, асуудлыг нэг талд гаргах болно.

Төрийн албаны зөвлөлийн хяналтын чиг үүргийг нэмнэ гэлээ. Тэгвэл эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлийн одоогийн хүний нөөц, хүчин чадал хүрэлцэх болов уу? Төрийн албаны зөвлөлийг чадавхжуулах үүднээс ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Одоо бол Төрийн албаны зөвлөл долоон гишүүнтэй. Гурван гишүүн нь орон тооны, дөрвөн гишүүн нь орон тооны бус. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, УИХ-ын Тамгын газрын ЕНБД, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга гээд улс төрийн албан тушаалтнуудаас хэт хамааралтай хүмүүс Зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байгааг өөрчилнө. Ер нь орон тооны гишүүдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Мөн Зөвлөлийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэх зорилгоор зөвлөлийн гишүүдийг хугацаагүй томилох нь зохицуулалтыг ч тусгаж өгсөн. Ингэснээр улс төрөөс хараат бус шийдвэр гаргахад нь дэм болно. Төрийн албан хаагчийн дээд нас 65. Тиймээс 65 нас хүртэл нь хугацаагүй томильё гэсэн асуудал яригдаж байна.

Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн ажилтан, албан хаагчдыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх шаардлага бий. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, текстийн агуулгыг өөрчлөх, шинэчлэх, төрийн албан хаагчийг бэлтгэх сургалтуудыг нэгдсэн стандарттай болгох гэх зэргээр хийх ажил их байна.

Хорооны нийгмийн ажилтнаас эхлээд яамны мэргэжилтэнг анх ажилд авахдаа ажлын туршлага харгалзахгүй байж болно гэдэг дээр та ямар байр суурьтай байна?

Туршлага хэрэгтэй. Гэхдээ туршлагаас илүү тухайн хүний ажлын ур чадвар, үр дүн, мэргэжлийн чадавх нь төрийн албан хаагчийг үнэлдэг, дүгнэдэг гол шалгуур байх ёстой гэж үзэж байна. 

Ярилцсан Г.Мөнхтуяа