2022.11.04

Ц.Туваан: Төрийн захиргааны албан хаагчид Солонгос руу эсвэл самарт явж байгаа нь нууц биш болчихсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хөдөө орон нутагт төрийн албан хаагчид чинь ажиллахгүй байна гэж би эртнээс хэлж ирсэн. Орон тоо дутуу байна гэдэг. Аргагүй шүү дээ. Учир нь авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэр бол гайгүй цаг үед юм. Юмны үнэ өсөөгүй, инфляц, валютын ханш одоогийнх шиг ийм өндөр биш байсан. Одоо бүр л хэцүү байна.

Засгийн газраас 2023 оны төсөвт энэ асуудлыг цогцоор нь оруулж ирнэ, Нийгмийн даатгалын ерөнхий болон багц хуулиудыг оруулж ирж цалин тэтгэвэр гээд бүгдийг ярина гэсэн боловч төсөвт хангалтгүй орж ирсэн. “Сүрэг хонинд орж ирсэн чоно шиг” алагчлах байдлаар төрийн албаны цалингийн нэмэгдэл яваад байгаа.

Таван жил тутам, зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгоно гэснийг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй байна.

Хамгийн хүнд хүчир ажлыг төрийн үйлчилгээний албаныхан хийдэг. Энэ хэд рүүгээ их дайрах юм. Асуудалд алагчилж хандалгүй цогцоор нь ярих нь зүйтэй байна. Төрийн захиргааны албан хаагчид Солонгос руу эсвэл самарт явж байгаа нь нууц биш.