УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төрийн албаны зөвлөл 2 зүйл дээр анхаармаар байгаа юм. Анхан шат ялангуяа сумын засаг даргын тамгын газарт ажиллах хүнгүй боллоо. 800 гаруй хүн өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 300 гаруй хүн өөр ажилд шилжсэн. Ингээд 1100 хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, шилжсэн гэсэн судалгаа байна лээ. Анхан шатны нэгж төрийн захиргааны алба хашиж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах орчин нөхцөл боломж нь муу учраас ийм их хөдөлгөөн байгаа юм. Тэгэхээр төрийн захиргааны анхан шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин, хөлс нийгмийн баталгаа, ялангуяа ажиллаж амьдрах нөхцөл боломжтой холбоотой асуудалд нилээн анхаарал тавьж, санал боловсруулж Засгийн газар луу оруулах эрх нь байгаа шүү дээ. Энэ хүрээнд ажилламаар байгаа юм.
Мөн анхан шатны төрийн захиргааны байгууллагын орон тоо нөхөхдөхгүй байгаа асуудал танайхтай холбоотой байна. Ажлын байрны тодорхойлолтыг та нар хөнгөвчлөх арга хэмжээ бодохгүй бол дэндүү нарийвчилж авч үзээд байна.
Танайхаас гаргасан журам заавар хатуудаад байгаа юм. Нийгмийн ажилтан гэсэн бол нийгмийн ажилтан л байх ёстой гэсэн шаардлага. Суурь салбар нь нийгмийн шинжлэх ухаан гэж авч үздэг. Энэ өргөн утгаар нь ажлын байрны тодорхойлолт, шаардлагаа хөнгөвчлөх хэрэгтэй. Үгүй бол тэнд очиж ажиллах хүнгүй, орон тоо нөхөгдөхгүй байгаа гэж харж байна. Анхан шатанд шаардлага нь хатуудаад, дээд шатанд хүнд зориулагдсан ажлын байрны тодорхойлолт хийдэг нь хэвээрээ яваад байна. Энийг цаашдаа боловсронгуй болгох тал дээр анхаарах хэрэгтэй.