Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2016.12.28

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж залгамж чанар муутай хариуцлагагүй байдал үргэлжилсээр байгаа. Түүнчлэн хариуцлагатай албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог нь мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгааг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар төрийн албанд анх орох иргэд, төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид мэдлэг, ур чадвараараа шударга өрсөлдөж томилогддог, мэргэшсэн, туршлагатай, чадварлаг төрийн албыг бүрдүүлэх боломж бий хэмээн үзсэн байна. Хуулийн төсөл нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох найман хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хамтад нь боловсруулснаа Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан.