2023.06.21

Цахилгаан станц барих үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд татварын дэмжлэг үзүүлнэ

“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль” чуулганы босго давж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхээр боллоо. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д цахилгаан станцуудыг өргөтгөх төслүүдийг тусгаад байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар эрсдэлт нөхцөлд тулж ирээд буй.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар өсөж, өвлийн оргил ачааллын үеэр системийн нийт суурилагдсан хүчин чадлыг (1578 МВт) бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгийг авч үйл ажиллагаа явуулж байгаа талаар эрчим хүчний салбарын сайд мэдэгдсэн. 

Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын оргил ачаалал 1467 МВт хүрчээ. Энэ хэрэглээ цаашид өсвөл эрчим хүч хязгаарлах нөхцөл байдал үүсэх учраас нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн.

Иймээс станц барих үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

Хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо 06-дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжснээр үзэл баримтлалын хүрээнд УИХ-аар хэлэлцүүлэхээр болов. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаснаар  450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөөд байгаа юм. 

Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай эсвэл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай уг хуульд тусгажээ.

Мөн тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулааны хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор авах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийг нь албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг оруулсан байна. 

Хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Бид цаашдаа эрчим хүчний дутагдлаасаа гарах, эрчим хүчээ нөхөх зайлшгүй шаардлагатай. Хэдий болтол эрчим хүчээ гадаадаас импортоор авах вэ. Тиймээс аж ахуй нэгжиийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж буй. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна. Эрчим хүчний яам энэ талаар тодорхой бодлоготой болох хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар Монгол Улсын Засгийн газрын тодорхой хэмжээний санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа эрчим хүчний хуримтлуурын төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Энэ төсөл хэрэгжснээр захын хороолол, Улаанбаатар хотын эрчим хүчний уналттай айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломж нь бүрдэнэ гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар уг ажил ямар шатанд явж байгааг тодруулсан юм. 

Төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын хуралдаанд оролцогчдын 70% нь дэмжсэн. Ийнхүү уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Хэрэв уг хуулийг баталвал эрчим хүчний нэгдсэн систем тогтвортой үйл ажиллагаатай том чадлын станцууд холбогдсоноор сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг холбох техникийн боломж бүрдэж, системийн оновчтой бүтэц бий болно гэж үзэж байгаа юм. 

Эл хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.