ЖДҮ-ийг татварын бодлогоор дэмжих ач холбогдолтой хуулийг эргүүлэн татлаа
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу НӨАТ-ын 90 хувийг буцаан олгох тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураах явцад УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтын үед хуулийн төслийг зарим заалтуудыг УИХ-ын гишүүд дэмжээгүй учраас зарим заалт нь унасан юм.
Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд будилуулсаар байгаад унагаж байна. Уг нь энэ хууль жижиг, дунд аж ахуй нэгжүүд буюу 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлогтой аж ахуй нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих байсан юм. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн НӨАТ татвар төлдөг байсан бол 80 мянган төгрөгөө буцааж авах боломжийг олгох байсан юм. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг унагаж байгаа учраас Засгийн газар хуулиа эргүүлэн татаж, дахин оруулж ирнэ. Энэ хуулийг баталсан бол Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт их том түлхэц болох хуулийн төсөл байсан юм” гэлээ.
Ингээд Засгийн газраас Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөө эргүүлэн татлаа.