Д.Оюунхорол: Ирэх оны эхнээс 2021 он хүртэл 1 хувийн татвар ногдуулна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
"Монгол Улсын Их хурлын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тодорхой бодлогын хүрээнд нэр бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй жилийн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой ААН-ын орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна гэж заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна.
Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэл үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно.
Үйл ажиллагаагаа жижгэлэх, задлах замаар татварын хөнгөлөлтөд хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа тул албан татвар төлөгчийн тайланд жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгасан болно.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж, хөрөнгө татах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна."