ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы өнөөдрийн /2014.06.19/ үдээс өмнөх хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулав. (Танилцуулгыг дээрхи бичлэгээс үзнэ үү.)
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүдийн зүгээс хуульд хамрагдах хүрээг тооцоо судалгаатай батлах хэрэгтэйг хэлж байсан юм. Мөн цаашид Монгол Улсад зээлийн хүүг бууруулахын тулд бодлогын ямар баримт бичиг батлах ёстойг давхар авч үзэх ёстой.
Гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангаж байна
Арилжааны банкуудын бодлогыг дэмжих гэж байгаа бол Монголбанкны бодлого, байр суурийг заавал авч үзэх шаардлагатай. Сүүлийн олон жилд арилжааны банкуудын үйл ажиллагаа сайжирч тэдний орлого маш ихээр нэмэгдсэн. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хүү буурахгүй байгаа талаар тэд байнга ярьдаг.
Иймд энэ хууль батлагдсанаар зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад тодорхой үр дүнгээ өгөх нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.
Ингээд Байнгын хорооны хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 64 гишүүний 45 нь буюу 67,2 хувийн саналаар дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.