2023.06.21

Д.Өнөрболор: Эрчим хүчний яам ард иргэдийн эрүүл мэндийн эсрэг бодлого гаргаж байгааг дэмжихгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Дэгийн тухай хуулиар энэ хууль дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болохгүй гэж байна. Яагаад болохгүй юм бэ?

Би сая бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо өгсөн. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн дараа тайлбар хэлбэрээр хуулийн үйлдвэрлэх гэдэг үгэн дээр Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс болон стандартын шаардлага хангаагүй түлшийг ашиглах тохиолдолд энэ заалт хамаарахгүй гэж л нэмэх асуудал юм.

Миний хувьд шинэ сэргэлт, аж үйлдвэрийг дэмжих, хөдөө, боомтыг сэргэлтийг дэмжих хүрээнд бодлогын агуулгаар нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх асуудлыг дэмжиж байгаа.

 Салбарын яам, сайд судалгаатай, шинжлэх ухаанчаар ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах ёстой. Уг асуудлыг ялгамжтай оруулж ирэх шаардлагатай байгаа учраас би зарчмын зөрүүтэй санал гаргасан. Эрчим хүчний яам иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны эсрэг агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухарч байна. Өнөөг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдол мөнхийн сэдэв байж ирсэн.

Үндэсний хороо үүнд шат дараатай ажиллаж ирсэн. Үүний эсрэг Эрчим хүчний яам бодлого гаргаж байгаа учраас үүнийг дэмжихгүй байгаа юм. Гоё танилцуулгын ард түүхий нүүрсээр ажиллаж байгаа яндангуудыг ажиллуулах гэж байна. Дээр нь нэмээд ажиллуулах гэж байна. Мөн бүр түүхий нүүрс түлэх гэж байна. Ийм зүйл байж болохгүй.

Өнөөдөр дэлхий дээр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх олон арга зам бий. Тухайлбал дэвшилтэт технологийн ногоон санхүүжилт гээд маш олон арга зам байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудал маш чухал учраас хотод ялгамжтай байдлаар зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй байгаа юм.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.