Я.Содбаатар: Татварын хөнгөлөлт нь далд эдийн засгийг ил болгох арга зам юм
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар дэмжиж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлсэн үг
"Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бидний хэдэн гишүүн санаачлан, өргөн барьж хэлэлцэх эсэх нь шийдэгдэж байсан. Тэр үед Ардчилсан нам засгийн эрх барьж байсан учраас 90 хувийг буцаан олгоно гэсэн хуулийн төсөл оруулж ирээд энэ хууль цааш явж чадаагүй.
МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрт ААНОАТ-ыг 1 хувь болгох заалт оруулж, улмаар ялалт байгуулснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусанд баяртай байна. ЖДҮ-чид ААНОАТ-ын 1 хувийн орчинд үйл ажиллагаа эрхэлж, татварын хөнгөлөлт эдэлсэн нь зөв гэж харж байна.
Өнөөдөр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд цаашид байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийхдээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх талаар судалмаар байгаа юм. Бид анх хуулийн төслийг санаачилж байхдаа хуулийн үйлчлэх хүрээг нилээн өргөн авч үзэж байсан.
...Бидний хэдэн гишүүдийн санаачилсан хуулийн төслийн тухайд, татварын хөнгөлөлтөд орохгүй байх 5 салбарыг зааж өгч байсан. Энэ удаад татварын хөнгөлөлтөд хамрагдах 4 салбарыг зааж өгсөн байна. Тиймээс худалдаа, үйлчилгээ, мэдээллийн технологийн салбаруудыг татварын хөнгөлөлтөд хамруулах, бодлогоор дэмжих шаардлагатай байна...
Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Хэлэлцэх явцдаа хамрах хүрээг өргөтгөж, холбогдох байгууллагууд тооцоо судалгаа хийх нь зүйтэй болов уу. Ер нь татварын хөнгөлөлт эдлүүлснээр далд эдийн засгийг илрүүлэх нэг гарц гэж харж байна. Далд эдийн засгийг ил болж, бүртгэлийн системд оруулах замаар цааш, цаашдаа ААН-үүдээ дэмжих бодлого барих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэнчлэн татварын хувийг 0 болгочихвол далд эдийн засаг нэмэгдэх учраас тодорхой хувийн татвар ногдуулж байгаа юм гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу."