2016.10.10

Д.Тэрбишдагва: Ажиллаж, бүтээж, хөдөлмөрлөж, ажлынхаа амтанд орсон хэсгийг дэмжиж байгаа нь маш зөв

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ерөнхийд нь УИХ-ын гишүүд дэмжиж байгаа ч хэд хэдэн нэмж тусгах шаардлагатай эсвэл бүүр хасах, өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин тодруулах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг хэллээ. Тэрээр хуулийн төслийг хэрэгжсэнээр ажлын байр хэдээр нэмэгдэх вэ, зөвхөн татварын хөнгөлөлт эдлүүлнэ гээд яриад зогсохгүй татварын бааз сууриа нэмэх тал дээр ямар бодлого барьж байгааг хууль боловсруулагч ажлын хэсгээс асуулаа. 

Татварын хөнгөлөхийн хажуугаар орлогоо нэмэхээр байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

"Зах зээлийн шилжилтийн үед дээд боловсролтой хүмүүс ч хар зах руу гарч, бид наймаачин ард түмэн болсон. Ахмад, азай буурлуудынхаа бүтээн босгосон үйлдвэр, аж ахуйн газруудыг хэдэн луйварчинд өмч хувьчлал нэрээр өгөөд, тэнд ажиллаж байсан хүмүүсийг ажилгүй болгож, хийж бүтээдэг, бүтээн байгуулдаг хүмүүсээ гудамжинд гаргасан.

Зах зээлийн эдийн засагт шилжиж байна гээд социализмын үед бүтээн байгуулсан бүхнээ нурааснаас болж, өнөөдрийн ядуурал бий болсон. Тиймээс Засгийн газар жинхэнэ үйлдвэрлэгч, ажил хийдэг, бүтээгч нараа дэмжих асуудал оруулж ирж байгаа нь зөв юм.

Өнөөдөр хүн ажиллаж, бүтээж, ажлынхаа амтанд орж байж үр шимээ хүртэж, өөдөө явна уу гэхээс биш их, дээд сургууль төгссөн ажилгүйчүүд ихтэй орон бол хөгжихгүй.

...Бүтээн байгуулагч нараа дэмжих, ажлын байр бий болгохоор тэмүүлж буй, ажилдаа дурладаг хэсгийнхнийг татварын хөнгөлөлтөд хамруулж байгаа нь маш чухал бодлого болж байна...

Тэрнээс бүх салбарыг нэг бодлогоор зангидана гэж учраа олохгүй байдалд оруулж байхаар эхний удаад энэ 4 салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой. Сүүлийн үед УИХ-д оруулж ирж буй асуудал бол татвараас хөнгөлөх, урамшуулах гэсэн асуудлууд байна. Яаж орлогоо нэмэх вэ?

Татварын Ерөнхий газар, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс асуумаар байна. Бид гадаадын зээл тусламжаар төсвийн алдагдлаа нөхөх нь байна. Ахиад л зээл авахгүйгээр төсвийн орлого бүрдэхгүй, алдагдал буурахгүй нь. Тиймээс орлого яаж олох уу гэдэг дээр тооцоо хийж үзсэн үү?

Яахав, өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх гэж буй уг хуулийн төслөөр төсвийн орлого нэмэгдэхгүй ч ажлын байр нэмэгдэнэ гэж бодож байна." гээд дараах хоёр асуултыг ажлын хэсгээс асуусан юм. 

- Хууль хэрэгжиж эхэлснээр хэдэн ажлын байр нэмэгдэх вэ? Ийм тооцоо хийсэн үү?

- Татварын орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар том бодлого баримталж байна?

Татварын бааз суурийг хэрхэн нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газарт өгсөн
Ажлын хэсгийн гишүүн:

"Татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр татварын бааз сууриа хэрхэн бэхжүүлэх, нэмэгдүүлэх талаар судалгаа хийж, ажлын төлөвлөгөө боловсруулан, Засгийн газарт өргөн бариад байна. Энэ төлөвлөгөөг ирэх оны төсөв хэлэлцэх үеэр нарийвчлан ярих болов уу гэж бодож байна.

Төлөвлөгөөнд, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах, татварын хамрах хүрээг өргөжүүлэх, татвар төлөгчдөө ангилах, тодорхой сигментэд тохирсон татварын удирдлага, журам хэрэгжүүлэх, НӨАТ-ын урамшууллын системийг улам эрчимтэй, үе шаттай нэвтрүүлэх, энэ системээр дамжуулж, татвар төлөгчдийн мэдээллийг бодитой болгох, татварын хяналт, шалгалтыг ил тод болгох, цахимжуулах гэх мэт олон ажил багтаж байна.

Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Татварын хуулиудыг нэн даруй баталж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Өмнө нь УИХ-д өргөн барьсан хуулийг Засгийн газарт буцаасан. Тиймээс хуулийн төслүүдээ эргэн харж, Татварын Ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай зэрэг хуулиа дахин өргөн барих болно."