Л.Болд: Хүүхэд, оюутнууд, ахмадууд, ААН-үүдийг ялгаж байна
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын 14 гишүүн хууль санаачлагчаас асуулт асуухаар болсон.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд бөгөөд тэрээр 4-н салбарыг онцлон татварын хөнгөлөлтөд хамруулах гэж байгаад эрс шүүмжлэлтэй хандаж, жижиг бизнесүүдийг бүгдийг нь хамруулах саналтай байгаагаа хэллээ.
"Монголчуудыг ангилдаг нам" гэж нэрээ өөрчил
УИХ-ын гишүүн Л.Болд
"Хөнгөлөлт эдлүүлснээр хэдэн төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрөх вэ? Яагаад энэ 4 салбарыг онцолж байгаа юм бэ? Төрийн албыг төрлийн алба болгож байгаа. Төрөл төрөгсдийнх нь бизнес энэ 4 салбарт багтаад байгаа юм уу? Бусад салбарт татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй юм уу? Бага орлоготой бүх ААН-үүдийг татварын хөнгөлтөд хамруулчихвал хэдэн төгрөг алдах гээд байгаа юм бэ? Энэ тоог бодитоор хэлээд өгөөч?
Хэрэв үнэхээр дэмжихээр шийдсэн бол татвараас чөлөөл л дөө. Жижиг бизнес эрхлэгчдийг татваргүй болгочихъё л доо. Яагаад болохгүй байгаа юм бэ?
...Ардчилсан намын бодлого бол зөв улс төр байсан. Бүх компани адилхан 10 хувиа төл, жижиг компаниуддаа 90 хувийг буцаагаад олгоё гэсэн бодлого байсан. Төр, ААН-үүдийн хооронд харилцаа үүсч, төр эргээд жижиг ААН-үүдээ дэмжиж байгаа хэлбэр. Логик нь энэ л байсан шүү дээ...
Засгийн газар ангилсан, шаталсан татварын систем, бодлого хэрэгжүүлж, татвараа нэмье гэж УИХ-ын гишүүдээр хэлүүлж байгаад түүнийг Засгийн газар хуулийн төсөл болгож оруулж ирж байна. Энэ бол сонгуулийн өмнө ард түмнийг хуурч байгаа хоосон улс төр. Энэ бол улс төрийн буруу шийдвэр. Яагаад ард түмнээ ангилж, ялгаж, элдвээр гадуурхаж байдаг юм бэ?
Та нар оюутнуудыг, хүүхдүүдийг, ахмадуудыг, ААН-үүдийг ялгаварлан гадуурхаж байна. Цэцэрлэгүүдийг хүртэл ялгаварлаж байна. Намынхаа нэрийг өөрчилж, "Монголчуудыг ангилдаг нам" гэж өөрчил. Өдөр бүр гаргаж буй шийдвэр чинь ялгаварлан гадуурхаж буй шийдвэр байна" гэж байр сууриа хатуухан илэрхийлж байлаа.
Түүний саналын хариуд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариуллаа.
Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд энэ нь хамгийн оновчтой шийдэл
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Я.Содбаатар нарын өргөн барьсан ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэн эрх барьж байхдаа хэлэлцэлгүй явсаар өнөөдрийг хүрсэн.
Тиймээс МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгасан. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бол ААН-үүдээс 10 хувийн татварыг авчихаад 90 хувийг нь буцаан олгоно гэсэн хууль санаачилж байсан.
...Татвар авчихаад буцаан олгоно гэдэг бол цаг хугацаа алдсан, хүнд суртлыг гааруулсан шийдвэр болно...
Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээ дэмжих зорилгоор 1,5 тэрбум төгрөгөөс доош жилийн орлоготой бол 1 хувийн татвар ногдуулах гэсэн хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгаа юм. Энэ бол өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлж болохуйц хамгийн оновчтой шийдэл" гэсэн юм.