2020.08.20

Ц.Сэргэлэн: "Халх голын ялалтын дурсгалын цогцолбор"-ыг төрийн мэдэлд авах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.08.20/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

“Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр нилээн онцлогтой болжээ гэж харж байна. Өмнөх Засгийн газруудын мөрийн хөтөлбөртэй танилцаж, гүйцэтгэж явсан. Харьцуулж харвал өргөн хүрээний асуудлыг нэгтгэн, оновчтой томъёолсон. Жил жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад уян хатнаар хэрэгжүүлэх гарцтай мөрийн хөтөлбөр болсон гэж харж байна. Ялангуяа хийх ажлын жагсаалтуудаас арай өөр, агуулга тодорхой, оновчтой болжээ.

Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах тусгайлсан бүлэг оруулж ирсэн нь сайн байна. Нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол энэ юм. Цаашдаа нэг зүйл анхаарах хэрэгтэй. 2 хөрш орон вакцины тухай яриад эхэллээ. Олон улс орнууд ч энэ вакциныг бүтээх нь ойлгомжтой. Тэгвэл манай Засгийн газар олон түмнээ вакцинжуулах, Энэ вакциныг худалдан авах стратеги одооноос боловсруулах шаардлагатай гэж бодож байна. Эрүүл мэндийн сайд хариулж өгнө үү? Худалдан авах шаардлагатай гэж үзвэл вакцинжуулах асуудлаа нилээн ул суурьтай судлаж үзэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах нь зүйтэй. Вакцин гараад ирэхээр урьдчилан тооцоогүй олон хүндрэлтэй бид тулгарч магадгүй шүү.

Соёлын сайдад хандан талархал хэлье. Энэ яамыг байгуулсанд их талархаж байна. Яагаад гэвэл Монголыг Монголоор нь байлгах их том бодлого явж байна. С.Чулуун сайдаас асуухад Дорнод аймагт байдаг 1939 оны Халх голын ялалтын дурсгалын томоохон цогцолбор олон га газар эзлэн байрладаг. Ялангуяа энэ дайн болсон газар орон дайны сорви арилаагүй байгаа. Энэ цогцолборыг яам, төрийн мэдэлд авах шаардлагатай. Энэ тухай С.Чулуун сайдтай ярилцсан. Сайхан хүлээж авсан. Цаашид ажил болгох чиглэлд анхаарч ажиллана гэж бодож байгаа.

Засгийн газрын сайд нар асуудал тавихад ажил хэрэгчээр хүлээн авч байгаад талархаж байна. Л.Халтар, Л.Цэдэвсүрэн, С.Чулуун сайд нарт хэд хэдэн асуудал тавиад байгаа хамтран ажиллаж дэмжинэ гэж итгэж байна.”