9 зорилго, 47 зорилт бүхий хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив
2020.08.20

9 зорилго, 47 зорилт бүхий хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

ТББХ-нылсанал дүгнэлтийг УИх-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа. 

 Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.”гэж заасантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 5 жилээр төлөвлөж  хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Зах зээлийн эдийн засагт шилжиж, нэгдсэн төлөвлөлт цаг үеэ өнгөрөөсөн гэж хэт туйлширснаас сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд бүс, салбар дундын уялдаа холбоо, залгамж шинж чанар алдагдаж, салбар салбарын хэмжээнд зөвхөн тухайн салбарын эрхлэх хүрээний асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулах чиг хандлага явж ирсэн нь бодлогын хувьд алдаатай байсныг эрдэмтэд судлаачид онцгойлон анхааруулж байгааг сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаж байсан зорилт, арга хэмжээнүүд нь хэт ерөнхий, шалгуур үзүүлэлтийг хэмжих боломжгүй, санхүү, эдийн засгийн тооцоололгүй, ялангуяа, техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөвгүйгээр төлөвлөгдөж байсныг цаашид өөрчлөх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигджээ.

    Дээр дурьдсан зайлшгүй шаардлага, өнөөгийн нөхцөл байдал, хууль зүйн шинэ зохицуулалтыг харгалзан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг үндэслэл болгон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр танилцуулж байгаа гэлээ.

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д нийцүүлэн боловсруулсан бөгөөд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” гэсэн 9 бүлгийн хүрээнд бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлон тусгасан байна.

 “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүү, төсвийн эх үүсвэртэй нь уялдуулан авч үзэж, холбогдох тооцоо, судалгаа бүхий Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр байхаар боловсруулж, хавсаргасан байна.

 Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд  санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн нийт 47.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөн тусгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх шаардлагатай 16.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 77 төсөл, арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээг хүрэх үр дүнг нь харгалзан тусгасан байна.

    Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл бүрдэхээс бөгөөд ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.77, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын цэвэр жинг 89.4, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 95.9, хүн амын дундаж наслалтыг 74, ядуурлын түвшинг 20 хувь, өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 58, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засгийн хөгжлийн үзүүлэлтийг 0.64, гол нэр, төрлийн шатахууны хэрэгцээг Евро 5 стандартад нийцүүлэн дотоодоос хангах хувийг 80 хувьд хүргэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлжээ.

Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

    Улсын Их Хурал 2018 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийт 5 бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас 70 арга хэмжээ нь 100 хувь, 42 арга хэмжээ нь 70 хувь, 11 арга хэмжээ нь 40 хувийн биелэлттэй, 12 арга хэмжээ хэрэгжээгүй, нийт арга хэмжээг 76,9 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн бөгөөд тус арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 8.7 их наяд төгрөг төлөвлөсөн боловч 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөнтэй харьцуулахад 70,3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

    Макро эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжсэнээр эдийн засагт өсөлт гарч, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт өмнөх жилтэй харьцуулахад сайжирсан боловч санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөөг үндэслэлгүй хийсэн, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийсэн байна.

    Тогтоолын төслийн хавсралтыг Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн 9 зорилго, 47 зорилтын хүрээнд хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинг тодорхой болгон боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 39 нь 56.5 хувийн саналаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.