Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батлав.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмжээ.
Төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэх, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг гишүүдийн 77.1 хувь дэмжиж баталлаа.